Индэр    
2025 оны 6 сарын 10
Зураг
Эдийн засагч, шинжээч

Шинэ Ерөнхий сайдад дайх үг

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон юм нуршихгүй шууд бичье.

Улс орныг хувь заяаг атгаж явах хүний хувьд, хүйтэн усанд хөлөө дүрээсэй гэж хүсэж байна.

Хүйтэн ус гэдэг нь чухам юу бэ?

  • Иргэдийн амьжиргаа муудаж, худалдан авах чадвар огцом буурлаа. Нэг Монгол өрхийн санхүүгийн нөхцөл байдлыг төсөөлөх юм бол өдөр, шөнөгүй ажилладаг, банк болон банк бусын зээлтэй(утас, машин, цахилгаан бараа), хүнсний бараан дундаа махан дээр хамгийн эмзэг. Хувцас, хунар авахдаа загварлаг хувцсыг 100 мянга дотор багтааж авч байна. Энэ бол эхний хүйтэн ус.
     
  • Монголд жирийн нэг бизнес эрхлэгч яаж байна? Гол худалдан авагч иргэд нь чадамжгүй болохоор хэчнээн рекламдаад борлуулалтаа хийж чадахгүйд хүрлээ. Дийлэнх нь НӨАТ-н өр, НДШ-н асуудалтай. Цаашлаад дампуурч байна. Төрөөс тендер авдаг компаниудыг эс тооцвол Монголд 2 төрлийн ААН л гоё явж байна. Нэг нь цэвэр бэл бэнчинтэй хүмүүст зориулсан тансаг зэрэглэлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, нөгөө нь хямд л байвал авах хүсэлтэй масс иргэдэд худалдаа хийдэг ААН. Тэгэхээр энэ баялаг бүтээдэг, бүтээгдэхүүн зардаг, түүнээсээ татвар төлж, төсвийг бүрдүүлдэг ААН-үүдээ битгий ад үзээч ээ. Төрийн оршин буй сүнс нь өөрөө иргэд, ААН гэдгийг ойлгоосой. Бизнес эрхлэгч нарт макро эдийн засаг, улс төр, татварын таатай орчин чухал байна.
     
  • Хувийн сектортойгоо өрсөлддөг төртэй болчихлоо. Төр нь эдийн засгийнхаа 50 хувийг бүрдүүлж байна. Аймшигтай. Төр бүхнийг хийнэ гэдэг боллоо. Төр чинь угтаа баялаг бүтээдэг агент биш шүү дээ. Харин иргэд, ААН-г нийгэм, эдийн засгийн таатай орчноор хангаж, тэрнийхээ төлөө татвар авч, цаашлаад нийгмийн барааг(сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, түгжрэл, утаа гэх мэт) санхүүжүүлдэг эдийн засгийн нэг агент шүү дээ.

Хүйтэн усанд хөлөө дүрж, хүнд хэцүү нөхцөлд байгаа ард иргэдийнхээ нурууг тэнийлгээсэй гэж хүсэж байна. Амаргүй цаг үед зургаан жил амьдарлаа.