Бямба гарагт Хятад даяар эхэлсэн их сургуулийн элсэлтийн шалгалт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд 13.3 сая гаруй сурагч оролцож байна.
Тус улсын технологийн томоохон компаниуд уг шалгалтыг шударга зохион байгуулахын тулд өөр өөрийн хиймэл оюуны системүүдийн ажиллагааг хязгаарлажээ.
Тухайлбал ТикТокийг эзэмшигч ByteDance компанийн Doubao платформд шалгалтын асуултыг тавихад “Холбогдох дүрэм журмын дагуу их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр ийм асуултад хариулах үйлчилгээг түдгэлзүүлсэн” гэсэн хариу өгч байгаа гэнэ.
Энэ оны эхээр дэлхий дахинд дуулиа тарьж байсан DeepSeek платформ “их сургуулийн элсэлтийн шалгалтыг шударга явуулах зорилгоор” өдрийн тодорхой цагуудад ажиллахгүй байгаагаа мэдэгджээ.
Tencent компанийн Yuanbao, Alibaba компанийн Qwen, Moonshot компанийн Kimi платформууд бас шалгалтын цагаар зураг таних үйлчилгээнүүдээ зогсоосон байна.
Жил бүр Хятад даяар зохион байгуулагддаг “гаокао” хэмээх элсэлтийн шалгалт маш их өрсөлдөөнтэй болж, олон сая залуус ирээдүйн хувь заяагаа шийддэг.
Өнгөрсөн сарын сүүлээр Хятадын эрх баригчид шалгалт өгөх байранд нэвтрэхэд хатуу хяналт тавих болсноо зарласан юм.
Тухайлбал шалгуулагчдын биометрик мэдээллийг шалгах, биеэс нь дижитал тоног төхөөрөмж нэгжих, радио дохиог хаах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг болсон байна.
Шалгалтын үеэр зарим хотууд олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглож, ажил эхлэх цагийг өөрчилж, сурагчдыг хоцрохоос сэргийлэх зорилгоор тусгай замын эгнээ гаргадаг юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!