Бээжингийн зүгээс явуулж буй улс төрийн нөлөөлөл, тагнуулын үйл ажиллагаанаас сэргийлэх зорилгоор Тайванийн эрх баригчид 747,000 гаруй төрийн албан хаагчийнхаа бичиг баримтыг шалгах ажлыг эхлүүлжээ.
Эхний шатанд чухал болон өндөр албан тушаалуудыг хашдаг 370,000 гаруй хүний бичиг баримтыг шалгаж дууссан байна.
Өчигдөр буюу Даваа гарагт эхэлсэн хоёр дахь шатанд “орон нутгийн засаг захиргааны албан хаагчид, улсын сургуулийн багш нар” хамрагдахыг Тайванийн дотоод хэргийн яамны дэд сайд Ма Ши Юань мэдээлжээ.
Албаны тоо баримтаас үзвэл Тайваньд одоо 236,597 төрийн албан хаагч, 212,915 улсын сургуулийн багш, 215,000 цэргийн алба хаагч байдаг.
Гуравдугаар сард болсон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас Тайванийн ерөнхийлөгч Уиллям Лай Чин-тэ ийм шалгалт явуулах шийдвэр гаргаж байжээ.
Шалгалтыг Эх Газрын Хэрэг Эрхлэх Зөвлөл засгийн газрын бусад яам агентлагуудтай хамтран зохион байгуулахаар болсон юм.
Хятадын эрх баригчид Тайвань арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэгт тооцож, ямар нэр арга замаар нэгтгэх хүсэл сонирхлоо байнга илэрхийлдэг.
Энэ бодлогын хүрээнд Тайванийн иргэдэд иргэний харьяаллаа солилгүйгээр эх газрын Хятадад ирж суурьших, бичиг баримт авах эрх нээж өгсөн байдаг.
Гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын 25 хүртэл үргэлжилсэн эхний шатны шалгалтад Тайванийн ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газрын таван салбар яам, 52 агентлаг, зэвсэгт хүчин, 200 гаруй улсын сургуулийн ажилтнууд хамрагджээ.
Нийт 371,203 хүн шалгагдсаны 99.87 хувь нь эх газрын Хятадад бүртгэлтэй ямар нэг бичиг баримтгүй байсныг тогтоосон бол иргэний үнэмлэх авсан хоёр хүн, байнга оршин суух зөвшөөрөл авсан 75 хүнийг илрүүлж, зохих арга хэмжээг авчээ.
Үүнээс гадна Тайванийн батлан хамгаалах яам Хятадад байнга оршин суух зөвшөөрөлтэй 62 цэргийн алба хаагчийг илрүүлснээ мэдээлсэн байна.
Тайванийн Эх Газрын Хэрэг Эрхлэх Зөвлөлийн дарга Чиу Чиу Чэн төрийн албан хаагчид, цэргийн алба хаагчид давхар иргэний харьяалалтай байхыг хуулиар хориглодог тул эх газрын Хятадаас бичиг баримт авсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлөхийг анхааруулжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!