ХААН галерейд нээгдсэн “Амь” үзэсгэлэн олны анхаарлыг татаж байна
Уран барималч, багш Өлзийбаатарын Одхүүгийн “Амь” нэртэй бие даасан үзэсгэлэн ХААН галерейд урлаг сонирхогчдын хүртээл болж байна. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээр нийгмийн сэтгэл зүйн түгшүүр, дотоод дарамтыг хүний бие махбодын эмзэг эрхтнүүдээр дамжуулан илэрхийлэхийг зорьжээ.
Ө.Одхүүгийн бүтээлүүд орчин үеийн нийгэмд нийтлэг ажиглагдах сэтгэл түгшилтийн шалтгаан, хүний дотоод ертөнцийн эмзэг байдлыг уран баримлын хэлээр илэрхийлснээрээ онцлогтой. Тэрбээр нийгэмд хөл тавьснаасаа хойш энэхүү сэдвийг сонирхон судалж, улмаар хүн төрөлхтөн өөрөө нийгмийн түгшүүрийг бий болгож буй гол хүчин зүйл хэмээн үзжээ. Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил ирэхийн зэрэгцээ эрсдэл, аюул дагуулж, хүний төгсгөлгүй шунал нийгмийн дарамтыг улам гүнзгийрүүлж буйг түүний бүтээлүүд илэрхийлдэг.
“Амь” үзэсгэлэн нь “амьд байна” гэдэг ойлголтыг зөвхөн оршихуйгаар бус, харин оршин тогтнохын төлөөх тасралтгүй тэмцэл хэмээн тайлбарлаж, урлагийг үзэгчтэй нэгдсэн үедээ “амь ордог” хэмээх санааг дэвшүүлжээ.
Тус үзэсгэлэнд хүний амьдралын түүх, сэтгэл хөдлөлийн илрэлийг бэлгэдэх “зүрх”, “уушги”, “нүд” зэрэг эрхтнүүдийг онцлон авч үзжээ. Эдгээрийг аварга том хэмжээгээр дүрсэлж, дотроосоо гэрэлтэх шийдлээр амьдралын эрч хүч, оршихуйн мөн чанарыг илэрхийлсэн бол улаан гэрэл нь сэтгэлзүйн дарамт, дотоод шахалт, аюулын дохиог илтгэнэ. Ийнхүү түүний бүтээлүүд амьдралын эмзэг, хэзээ ч тасалдаж мэдэх агшныг мэдрүүлж, үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.
Ө.Одхүү нь Дүрслэх урлагийн академийг суралцан төгсөж, магистр, доктор (Ph.D.) зэрэг хамгаалснаас гадна Монгол Улсын их сургууль болон БНСУ-ын Күүкминий их сургуульд суралцсан. Тэрбээр уран бүтээл, судалгааны ажлыг хослуулан туурвиж, орчин үеийн нийгмийн асуудлыг уран сайхны хэлээр илэрхийлж буй цөөн уран бүтээлчдийн нэг юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
