Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав
Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12,298 иргэнд визийн зөвшөөрөл, 23,413 иргэнд виз олгосон байна.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3,508 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 9,945 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 5,153 иргэний оршин суух зөвшөөрөлд хасалт хийснийг мэдээллээ.
Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт 47.02 хувиар, оршин суух зөвшөөрлийн сунгалт 34.19 хувиар, хасалт 73.85 хувиар өсөж, оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурчээ.
2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 32,983 гадаадын иргэн байна. Үүнээс
- хөдөлмөр эрхлэх 15,337
- хөрөнгө оруулах 5,704
- суралцах 5,326
- гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4,193
- цагаач 1,757
- шашны зорилгоор 133
- албан хэргээр 533 гадаадын иргэн оршин сууж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
