Милан хотын туршлагыг судлах зорилгоор харилцан айлчлал, уулзалтууд зохион байгуулахаар тохиролцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот болон Милан хотын хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд түншлэх асуудлыг төлөөллүүд онцлон хэлэлцжээ.

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета хоёр хотын хамтын ажиллагааг бизнес, үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл урлаг, загварын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэж, Италийн талын зүгээс идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

Харин Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын зүгээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд Италийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа “Трамвай” төслийн нэгдүгээр шугамын бүтээн байгуулалтад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, арьс шир, түүхий эдийн боловсруулалтын салбарт хэрэгжиж буй “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн хүрээнд Италийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагуудтай холбох боломжийг онцолж, энэ чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцжээ.

Үүнээс гадна бурхан шашны сүм хийдүүдийн барилгыг сайжруулах хүрээнд Итали улс, тэр дундаа Милан хотын туршлагыг судалж, нутагшуулах сонирхлоо илэрхийллээ. Талууд цаашид хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон өргөжүүлэх зорилгоор харилцан айлчлал, мэргэжлийн уулзалтуудыг шат дараатай зохион байгуулахаар тохиролцжээ.