Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй гэж мэдээллээ
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах
- Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах
- Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх
- Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх
- 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх
- Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх
- Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах
- Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх.
Уг арга хэмжээ нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай оролцохыг уриалж байна гэж НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
