Японы ерөнхий сайд “бурхантайгаа” уулзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Британийн домогт рок хамтлаг “Deep Purple” хагас зуун жилийн дараа Япон улсад дахин тоглохоор иржээ.

Баасан гарагт тус хамтлагийнхан Японы ерөнхий сайд Санае Такаичид бараалхсан байна. Хард рок, хүнд металл хөгжмийн шүтэн бишрэгч, бөмбөрчин гэдгээрээ алдартай Такаичи нь дуртай хамтлагуудынхаа тоонд Deep Purple-ийг Black Sabbath, Iron Maiden зэрэгтэй хамт нэрлэсэн байдаг.

Ерөнхий сайд хамтлагийн бөмбөрчин Ян Пайст “Та бол миний бурхан” гэж англиар хэлээд түүнд Японд үйлдвэрлэсэн бөмбөрийн цохиур бэлэглэжээ.

зураг
 

Хамтлагийн гишүүдтэй хамт зураг авхуулсны дараа Такаичи тус хамтлагтай холбоотой өөрийн дурсамжийг хуваалцсан байна.

Тэрбээр бага сургуульд байхдаа тус хамтлагийн “Smoke on the Water”, “Highway Star” зэрэг хит дуунуудыг багтаасан “Machine Head” цомгийг худалдан авч байжээ.

Дараа нь дунд сургуульд байхдаа “Deep Purple” хамтлагийн хүндэтгэлийн хамтлагт даралтат хөгжимчин болж, их сургуульд ороод бөмбөрчин болсон гэнэ.

“Одоо ч би нөхөртэйгөө маргалдахдаа “Burn” дууны аяыг бөмбөрдөнгөө хараалын үгс урсгадаг” гэж Такаичи энэ үеэр хошигножээ.

зураг
 

Өнгөрсөн оны аравдугаар сард ерөнхий сайдын хэцүү ажлыг авсан Такаичигийн хувьд шүтдэг хамтлагтайгаа уулзсан нь алжаалаа тайлах сайхан боломж байлаа.

Тэрбээр эдийн засгийн хямрал, иений ханшийн сулрал, Хятадтай үүссэн дипломат маргаан, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний хомсдол зэрэг хүнд сорилтуудтай тулгараад байгаа.

“Шинэ сорилтуудтай тулгарсан ч өнөөдрийг хүртэл рок хөгжмийн түүхийг бичилцэж, сэтгэл татам хөгжмөө бүтээсээр байгаа та бүхнийг би маш их хүндэлдэг” гэж Такаичи орчуулагчаар дамжуулан хамтлагийнханд хэлжээ.

1972 онд Deep Purple хамтлаг анх удаа Японд аялан тоглохдоо “Made in Japan” давхар цомог гаргасан нь рок хөгжмийн хамгийн хүчирхэг амьд тоглолтуудын нэг хэмээн үнэлэгддэг.

Тус хамтлаг хоёр дахь аялан тоглолтоо өнөөдөр буюу Бямба гарагт Токио хотын Ниппон Будокан ордонд эхлүүлэх юм.

 

Эх сурвалж: Reuters