OpenAI компанийн гүйцэтгэх захирлын гэрт “Молотов Коктейль” ашиглан халджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн үүрээр OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэний гэрт “Молотов Коктейль” ашиглан халдсан 20 настай залууг саатуулснаа Сан Франциско хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Орон нутгийн цагаар өглөөний 04:00 цагийн орчимд бизнесмэний амины орон сууц руу гар хийцийн шатаах зэвсэг шидсэний улмаас гадаа хаалганы хэсэг шатсан байна.

Халдлагыг үйлдээд зугтсан этгээдийг цагдаа нар удалгүй баривчилсан гэнэ.

“Азаар хэн ч гэмтээгүй. Сан Франциско хотын цагдаагийн газар хурдан шуурхай хариу арга хэмжээ авч, манай ажилтны аюулгүй байдлыг хангасанд бид гүн талархал илэрхийлж байна” гэж OpenAI компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Халдлагын цаад учир шалтгааны талаар цагдаагийн байгууллага мэдээлээгүй байна.

Сэжигтэн нэг цагийн дараа 4.8 км зайд оршдог OpenAI компанийн төв байрны гадна ирээд бас гал тавихаар сүрдүүлж байгаад баригджээ.

Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч компаниудын нэг болох OpenAI компанийн төв байр сүүлийн саруудад хэд хэдэн удаа заналхийлэлтэй тулгарч, гадаа нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байв.

Арваннэгдүгээр сард нэг эр Сан Францискогийн төв байранд заналхийлсний улмаас түр хаалгаа барьж байжээ.

Хиймэл оюуны технологийн нийгэмд учруулах аюул эрсдэлээс болгоомжилсон хүмүүс, идэвхтнүүд эдгээрийн цаана байгаа гэж үзэж байна.

Үүнээс гадна OpenAI саяхан АНУ-ын батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж эхэлсэн нь хиймэл оюуныг хүн алах зэвсэгт ашиглаж болзошгүй гэсэн олон хүний шүүмжлэлтэй тулгарсан юм.

Хэдийгээр ийм саад бэрхшээлүүд, шүүмжлэлтэй тулгарсан ч компанийн хөгжил асар хурдтай байгаа. Өнгөрсөн сард OpenAI $122 тэрбумын санхүүжилт авснаар зах зээлийн үнэлгээ нь $852 тэрбумд хүрсэн юм.

Тус компанийн гол бүтээгдэхүүн ChatGPT өнөөдөр хиймэл оюуны зах зээлд давамгайлж, 50 сая орчим төлбөртэй хэрэглэгчтэй, долоо хоног тутамд 900 гаруй сая хүн идэвхтэй хэрэглэдэг болоод байна.

 

Эх сурвалж: Reuters