Өмнөд Солонгосын нэг хотод амьтны хүрээлэнгээс оргосон чонын эрэл үргэлжилж байна
Өмнөд Солонгосын эрх баригчид гурав хоногийн өмнө амьтны хүрээлэнгээс оргосон чонын эрэлд дулаан мэдрэгчтэй камер, нисгэгчгүй онгоц зэрэг орчин үеийн техникүүдийг ашиглаж байна.
Хоёр настай эрэгчнийг Нэукгу гэж нэрлэдэг бөгөөд энэ чоно Лхагва гарагт Тэжон хотын төвд оршдог Daejeon O-World амьтны хүрээлэнгийн хашааны доогуур нүх ухан оргожээ.
Чоныг эрэн хайх ажилд гал сөнөөгчид, цагдаа болон цэргийн алба хаагчид зэрэг 300 гаруй хүн дайчлагдсан байна.
Пүрэв гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн “Хүний биед хохирол бүү учраасай, Нэукгу ч бас гэртээ эсэн мэнд буцаасай гэж би хүсэж байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Орон нутгийн эрх баригчид амьтны хүрээлэнгийн ойролцоох бага сургуулийг Пүрэв гарагт түр хааж, оршин суугчдад анхаарал болгоомжтой байж, харсан тохиолдолд мэдээлэхийг зөвлөсөн байна.
Амьтны хүрээлэнгийн албан тушаалтан “Бид нээхээсээ өмнө хашаа бүрийг шалгадаг. Энэ үеэр нэг чоно алга болсныг мэдсэн. Хяналтын камерын бичлэгээс хашааны ёроолын хөрсийг ухаж оргосныг баталсан” гэж хэвлэлд ярьжээ.
Өмнөд Солонгос улс зэрлэг байгальд устаж алга болсон чоныг сэргээн нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд Нэукгу 2024 онд амьтны хүрээлэнд мэндэлж байжээ.
Одоо эрх баригчид чонын дүрс хамгийн сүүлд камерт бичигдсэн Бомун уул орчмын газрыг 15 нисгэгчгүй онгоц, есөн дулаан мэдрэгч камертай төхөөрөмж ашиглан самнаж байгаа юм байна.
Нэукгу хамгийн сүүлд гурав хоногийн өмнө хоёр тахиа идсэн тул одоо өлсөж, ядарсны улмаас хүн, амьтан руу дайрах эрсдэл нэмэгдэж байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
