Ц.Сандаг-Очир: Хуулийн шаардлагыг биелүүлэхгүй үл тоовол Туулын хурдны зам төслийг бүр зогсоохыг ч үгүйсгэхгүй
Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд энэ Лхагва гарагт /2026.04.08/ гаргасан.
Уг шийдвэртэй холбогдуулан цаашдаа тухайн төслийг хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр "Туулын хурдны зам төслийг түр зогсоох, эсвэл бүр зогсоох асуудал нь захиалагч гүйцэтгэгч талаас хамаарна. Хэрэв манай яамнаас тавьсан хуулийн шаардлагыг биелүүлэхгүй үл тоогоод байвал бүр зогсоохыг ч үгүйсгэхгүй. Би тийм нөхцөл байдал руу орно гэж бодохгүй байна. Өөрсдөө ажлаа явуулъя гэвэл хуульд нийцүүлэх хэрэгтэй.
Манай яамнаас хуулийн гадуур нэмэлт шалгуур нэхээгүй. Хуульд заасан эрх зүйн баримт бичгээ боловсруулаад ир, үзэж хараад батлаад өгье гэсэн. Батлагдсаны дараа ажлаа эхлүүлж болно. Намайг ажил аваад очиход яамныхан маань ийм ийм дүгнэлт гараагүй, хуулийн энэ журмыг зөрчөөд байна гэж танилцуулсан. Менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад ажил эхлүүлсэн тухайн компани дээр торгууль тавьж байгаа.
Барилга байгууламжууд ажил эхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр эхэлдэг. Хуульд заасны хүрээнд хяналт тавина. Сөрөг нөлөөллөөс урьдчилсан сэргийлж буй ажлыг төсөл хөтөлбөр гацаах гэж байна гэдэг байдлаар харах шаардлагагүй. Байгаль орчноо хамгаалах гэж тэмцэж буй иргэдийн сэтгэл зоригийг ойлгоно. Нөгөө талаас улс төрийн зорилготой ажлыг гацааж буйг энэ иргэдээс ялгаж ойлгоно" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
