Улаанбаатар хот, Тэрэлж орчмоор өнөөдөр бага зэргийн бороо орно
Өнөөдөр(2026.04.11) Монгол орны уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
20:00 цаг хүртэлх төлөвөөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 0...+5 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байх төлөв гарчээ.
Энэ сарын 10-ны байдлаар Сэлэнгэ, Орхон, Хэрлэн /Чойбалсан сум/, Хараа /Дархан хот/, Хурх, Улз / Баян-Уул сум/, Онги /Арвайхээр сум/, Таац, Зэгстэй, Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Тэс, Идэр зэрэг голуудад шингэн, өтгөн, дунд зэргийн цөн гүйх үзэгдэл ажиглагджээ. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
