Вашингтонд босгохоор төлөвлөсөн “Ялалтын хаалга”-ныхаа зураг төслийг Трамп танилцуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр нийслэл Вашингтон хотод босгохоор төлөвлөсөн “Ялалтын хаалга”-ныхаа зураг төслийг нийтэд танилцуулжээ.

Уг хаалганы оройд бамбар, титэм барьсан Либерти хатагтай маягийн жигүүртэй амьтны дүрс байрлах бол түүний хоёр талд бүргэд, дөрвөн талд арслангуудыг байрлуулсан байна.

Эдгээрийг бүгдийг нь алтадсан байхаар төслийн зурагт үзүүлжээ.

АНУ-ын Урлагийн Зөвлөлөөс гаргасан 12 хуудас төлөвлөгөөнд уг хаалга сууриасаа далавчит дүрсний өргөсөн бамбарын үзүүр хүртэл 76.2 метр өндөр, хоёр талд нь “Бурхны дор нэг үндэстэн”, “Бүгдэд шударга ёс, эрх чөлөө” гэсэн үгсийг алтан үсгээр бичсэн байхаар харуулсан байна.

Хаалгыг Линкольны дурсгалын цогцолбор, Арлингтоны үндэсний оршуулгын газрын дунд, Вашингтоныг хойд Виржиниатай холбодог тойрог замд байрлуулахаар төлөвлөжээ.

Энэ нь 30.2 метр өндөр Линкольны дурсгалын цогцолбороос ч өндөр байх юм байна.

зураг
 

Трамп анх энэ хаалгыг санаачлахдаа зориуд Линкольны цогцолборын дэргэд байгуулах хүсэлтэйгээ илэрхийлж, нийслэл хот ийм байгууламжтай болохыг 200 жилийн өмнөөс мөрөөдөж байсныг мэдэгдэж байв.

“Иргэний дайн үүнийг тасалдуулсан. Дараа нь 1902 онд ямар нэг зүйл босгох санаа яригдаж байсан ч биелэл болоогүй” гэж хоёрдугаар сард Трамп хэлсэн юм.

Түүний үзэж байгаагаар дэлхийн бүх л том хотууд ийм хаалгатай, ганцхан Вашингтонд л байхгүй гэнэ.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш хэд хэдэн барилга байгууламжийн төсөл санаачлаад байгаагийн нэг нь Ялалтын хаалга юм.

Тэрбээр Цагаан ордныг асар том хүлээн авалтын танхимтай болгож байгаагаас гадна өөрийн албан тасалгаа болох Зууван танхимын дотоод заслыг өөрчилж, Роуз Гарден цэцэрлэгийг чулуу дэвссэн талбай болгоод байгаа.

Цагаан ордноос хальсан бүтээн байгуулалт болох Ялалтын хаалга нь Трамп өөрийн нэрийг нийслэл Вашингтон хотод мөнхлөх боломж олгож байна.

 

Эх сурвалж: Associated Press