Д.Сүнжид: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын 49 хувийг иргэд халааснаасаа гаргаж байна
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнөөдөр танилцууллаа.
Уг илтгэлийг Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-ын хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын холбогдох мэдээлэлд үндэслэн боловсруулжээ.
Энэ удаагийн илтгэл
- Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт;
- Шүүх шинжилгээ ба хүний эрх;
- Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал;
- Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт;
- Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал;
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгарч буй асуудал гэсэн зургаан бүлгээс бүрдэж байна.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хүрээнд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүртээмжтэй байна уу, өрх болон иргэнд санхүүгийн дарамт болохгүйгээр эрүүл мэндээ хамгаалуулж чадаж байна уу гэдгийг дүгнэлээ. Сайжруулах шаардлагатай юм их байгаа. Орон нутагт амьдардаг хүмүүст хүртээмж муу, зорилтот бүлгийн иргэдэд хүрэлцээгүй байна. Эмийн чанар, хангалт нь анхаарал татсан хэвээр. Санхүүгийн хамгаалалтын тухайд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь бодлогын хувьд өөрчлөгдөж, ахиц гарч байгаа ч иргэнээс гарч буй мөнгөний асуудлыг шийдэх ёстой болж байна. Тодруулбал эрүүл мэндийн үйлчилгээний зардлын 49 хувь нь иргэнээс гарч байгаа үзүүлэлт бий. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй, хавсарсан нийлмэл өвчинтэй, удаан хугацааны асаргаа шаардлагатай иргэнтэй бол тухайн өрхийг ядууралд хүргэх эрсдэлтэй.
Мөн шүүх шинжилгээний байгууллагын хүний нөөц, технологи, үйл ажиллагааны горимыг дүгнэсэн. Түүнчлэн хүүхдийн эрхийн хамгаалал болон эрэгтэйчүүдийн эрхийн талаар авч үзлээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


