Хэнтий аймгийн Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарч, зургаан хүн нас баржээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд өчигдөр зам тээврийн осол гарчээ.

Энэ тухай Цагдаагийн Ерөнхий Газраас "Хэнтий аймгийн цагдаагийн газарт 16:50 цагт "Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн Дуутын даваа" гэх газарт Hyundai загварын автобус, Toyota Harrier загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.

Хэргийн газарт тус цагдаагийн байгууллагаас шуурхай бүрэлдэхүүн очиж, үзлэг шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Ослын улмаас 6 хүн нас барсан. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан бусад иргэдэд эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлэх, ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа явагдаж байна" гэж мэдээлэв.

Боловсролын Ерөнхий Газраас: Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд эсэн мэнд байгаа бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна.

Боловсролын ерөнхий газраас Оюун ухааны академи, Дорнод, Хэнтий аймгийн Боловсролын газрын удирдлагуудтай холбогдож мэдээллийг авч байна.

Автобусанд зорчиж явсан 23 сурагч, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар ханган, холбогдох анхны тусламж үйлчилгээг сумын нэгдсэн эмнэлэг шуурхай үзүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна.

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын Газар: Жаргалтхаан сумын нутаг буюу Дуутын даваанд зам тээврийн осол гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн Онцгой комисс, Цагдаагийн газар, Жаргалтхаан сумын холбогдох байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь чиглэл чиглэлээрээ шуурхай үзүүлж, асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд аймгийн онцгой комисс хуралдаж, чиглэл тус бүрээр авч байгаа арга хэмжээнүүдтэй танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэргэжлийн эмч, яаралтай түргэн тусламжийн автомашин гаргаж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот хүртэл дагаж явж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр замдаа гарсан байна.

Хэнтий аймгаас хүүхдүүдийг тээвэрлэх автобусыг гаргасан боловч Дорнод аймгаас хүүхдүүдийн эцэг эхчүүд Улаанбаатар хот руу нарийн шинжилгээ хийлгэхээр өөрсдийн хувийн машинаар хүүхдүүдээ тээвэрлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх саналтай байгаа тул Дорнод аймгаас замдаа гарсан.

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.