Э.Батшугар: Сүүлийн дөрвөн өдөр Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна

Н.Эрхбаяр, iKon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойших хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбар маш том салбар, тодорхой хэмжээгээр танилцсан. Асуудлыг том зургаар нь харах хэрэгтэй. Сүүлийн дөрвөн өдөр Эрүүл мэндийн даатгалын сан дээр бүтэн суулаа. 2.4 их наяд төгрөгийн том систем байна. Нөгөө талдаа 700 бүлэг оношны 15 мянган өвчнийг даатгадаг систем, 669 хөнгөлөлттэй эм багтдаг. Тэгэхээр энэ бүхнийг яаж иргэндээ зөв хуваарилах вэ гэдэг чинь хамгийн том асуудал. 

Эрүүл мэндийн даатгалын хаана алдаа гараад, шүүрээд байна гээд Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна. Хяналт хэрэгтэй гэдгийг анзаарсан. Цахимжуулах нь хамгийн чухал харагдаад байна. Анхан шатны эмнэлэг дээр очсон иргэний онош нь лавлагаа шатандаа шууд очих ёстой. Бид нэг дэвтэр бариад явж байгааг нэг мөсөн болиулахаар ажиллаж байна. 

Тухайн иргэний үйлчилгээ нь Эрүүл мэндийн даатгал дээр нэхэмжлэхээр очдог. Тэр иргэн мөн эсэх хяналт нь сул байна, цахимжуулчихвал хяналт сайжирч, ил тод болно. 

Эмч нарын цалингийн асуудлын нэлээд судалсан. Энэ оны эхэнд 30 хувийг нэмсэн. Гэрээ хийсний дагуу оны эцэст гэхэд 75 хувиар нэмнэ. 8-12 сард ес есөн хувиар нэмээд явна. Асуудал нь цалинг хоёр удаа боддог болчихсон байна. Суурь цалинг нэг бодоод, нэмэгдэл цалинг нь өмнөх цалингаар боддог гажуудал үүссэн. Хүний нэг л цалин авдаг байх ёстой. Үүнийг тодорхой хэмжээгээр засах ажил хийнэ. Одоо шууд хэлэхгүй ч ойрын хугацаанд нэг шийдэл толгойн дотроо бодчихсон байна. Үдээс хойш яаман дээр очоод тооцооллоо гаргана.

Тухайн салбарын сайд нь салбартаа чин сэтгэлээсээ өөрт байгаа цагаа 200 хувь зарцуулж ажиллах нь зөв. Би өөрийгөө 3.5 сая монголчуудын эрүүл мэндийг хариуцсан хүн гэж харж байгаа" гэв.