Сүүлийн зургаан сарын хугацаанд АНУ-д суурьшсан дүрвэгчид бараг бүгд Өмнөд Африкаас иржээ
2025 оны аравдугаар сараас хойш АНУ нийт 4,499 дүрвэгч хүлээж авсны гурваас бусад нь бүгд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) иргэд байжээ.
Бусад гурав нь Афганистаны дүрвэгчид байсан байна. 2023 оны аравдугаар сараас эхэлсэн ерөнхийлөгч Байдены засаглалын сүүлийн санхүүгийн бүтэн жилийн хугацаанд АНУ гадаадын 85 улсаас 125,000 дүрвэгч авч байжээ.
Эндээс Трампын засаг захиргааны үед АНУ-ын цагаачлалын бодлогод ямар том өөрчлөлт гарсан нь харагдаж байна.
Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа Трамп цагаачлалын бодлогоо эрс чангаруулсан бөгөөд гадаадаас дүрвэгч авахдаа Өмнөд Африкийн хүн амын цөөнх болох Африканчууд гэгддэг цагаан арьстнуудад онцгойлон анхаарах болсон.
Тэрбээр хар арьст олонхын дарамт, хавчлагын дор амьдарч байгаа гэсэн үндэслэлээр колоничлогчдын удам болох эдгээр хүмүүст дүрвэгчийн статусыг давуу эрхтэй олгох шийдвэр гаргаж байв.
Харин Өмнөд Африкийн эрх баригчид Трампын энэ дүгнэлтийг эрс няцаадаг.
Трампын хоёр дахь засаг захиргааны үед АНУ, ӨАБНУ-ын харилцаа хурцадсан нь энэхүү маргаантай холбоотой байв.
Одоогоос нэг жил гаруйн өмнө Трампын арьс өнгөөр ялгаварласан цагаачлалын бодлогыг шүүмжилснийхээ төлөө Вашингтонд суугаа Өмнөд Африкийн элчин сайд Эбрахим Расул хөөгдөж байлаа.
Дараа нь тавдугаар сард Цагаан ордонд ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафозатай уулзахдаа Трамп энэ асуудлаар ширүүн маргаан өрнүүлж байв.
Рамафоза энэ үеэр улс орныхоо дотоод нөхцөл байдлын талаар зөв ойлголт өгөхийг хичээсэн ч Трамп тус улсад цагаан арьст фермерүүдийн эсрэг “геноцид” явагдаж байгаа хэмээн гөжсөөр байсан юм.
Трампын гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн оны тавдугаар сард ӨАБНУ-аас эхний 68 дүрвэгч ирж байв. Өнгөрсөн хугацаанд Өмнөд Африкийн дүрвэгчдийг АНУ даяар тараан суурьшуулсны хамгийн олон нь буюу 543 хүн Техас мужид суурьшжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
