Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах) хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Энэ үеэр цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээтэй холбоотой осол гэмтэл ба шаардлагатай зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг дараах мэдээллийг танилцуулав.
Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд залуус шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж байна.
2019-2024 оны эхний долоон сарын байдлаар цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээс үүдэлтэй нийт 600 гаруй осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд энэ төрлийн осол гэмтэл 4-5 дахин нэмэгдсэн статистик мэдээлэл байна.
10-19 насны хүүхэд залуус энэ төрлийн осол гэмтэлд маш их өртөж, нийт тохиолдлын
Энэхүү нөхцөл байдлаас авч үзвэл бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотой асуудал Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болжээ.
Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч "Jet Sharing Mongolia" ХХК , "Би Эм Си" ХХК, "Суррон Монголиа" ХХК, "Эко технологи" ХХК зэрэг ААН-ийн удирдлагуудтай мэдээлэл авах, мэдээлэл солилцох уулзалтуудыг удаа дараа зохион байгуулсан.
Хуулийн төслийн тандан судлах ажлын хүрээнд Европын Холбооны 30 орчим улсын цахилгаан дугуй, цахилгаан скүүтертэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, эдгээрээс Герман улс, Ирланд, Испани, Эстони, Болгар, Казахстан зэрэг улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон дүрэмд тусгагдсан шинэ, шинэлэг зохицуулалтыг хуулийн төсөл боловсруулахад харгалзан үзсэн юм.
Ийнхүү хурал, уулзалт, судалгааны ажлын үр дүнгээс дүгнэхэд манай улсын хууль эрх зүйн орчинд энэхүү шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангилал тодорхой биш, тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг хариуцлага зохицуулалтгүй, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй.
Нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер, түрээсийн үйлчилгээ үзүүлэгчид хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь өнөөдрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болж байгаа юм.
Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулж 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс УИХ-ын Тамгын газрын D-Parliament.mn цахим хуудаснаа байршуулсан.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хийсэн.
Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг хариуцлагыг мөн шинээр бий болгож өгсөн. Жолоочид хориглох зүйлсийг ч тусгаж өглөө.
Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг шинээр тусгаж өгсөн болно.
Үргэлжлүүлэн "Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч нь зөвшөөрлийн үндсэнд үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинээр тодорхойлж өгсөн болно.
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагалдах хуулийн төслүүдийг боловсруулсан" гэдгийг Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|