Хот Байгуулалт, Барилга Орон Сууцжуулалтын Яам (ХББОСЯ)-наас Барилгын тусгай зөвшөөрлийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд барилгын салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага хамтарсан уулзалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг илүү ойлгомжтой, ил тод, нээлттэй болгоё гэж хэлэлцсэн аж.
Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү "Хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцсоны үр дүнд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагаа илүү тодорхой болголоо. Бид өмнө нь зөвшөөрлийн тухай хуулиас давсан хэд хэдэн зүйлийг аж ахуйн нэгж байгууллагаас шаарддаг байсан.
Жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх янз бүрийн бүртгэл нэхдэг байсныг цуцлаад тусгай зөвшөөрлийн хуульд нийцүүлэн энэ оны хоёрдугаар сарын 10-наас мөрдөж эхэлсэн юм.
Үр дүнд нь тусгай зөвшөөрөл авах процесс илүү хялбар болсон. Ялангуяа гарааны бизнесээ эхлүүлж буй залуу, шинэ компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саадгүй болсон. Ганц тоо дурдахад 2023 онд 1,195 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч байсан бол тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 1,303 хувийн байгууллага барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна. Үүнд барилгын материалын тусгай зөвшөөрөл нэмэгдэнэ.
Мөн барилгын материалыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг өөрчилсөн. Барилгын материал үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл нэхэхгүй.
Үйлдвэрлэж буй материал дээрээ тохирлын гэрчилгээ аваад үүний хүрээнд тусгай зөвшөөрөл нь шууд олгогдохоор зохицуулагдсан. Энэ хаврын УИХ-ын чуулганаар зөвшөөрлийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбоотойгоор өмнө нь ярьсан зүйлүүдээ тусгаж саналаа илгээсэн.
Тав хүртэлх давхар барилгын угсралтын ажилд дөрвөн инженер, техникийн ажилтан шаарддаг байсан бол одоо хоёр болгож буурууллаа.
Сүүлийн гурван сар бид ямар ажилд түлхүү анхаарсан бэ гэвэл тусгай зөвшөөрөл олгож байгаа процессыг илүү хялбар болгож, цахимд шилжүүлэх ажлыг хийлээ.
Төрийн цахим үйлчилгээ үзүүлдэг зөвшөөрлийн нэгдсэн систем болох licence.mn -ээр барилгын салбарын тусгай зөвшөөрлийг ирэх зургаадугаар сарын 10-наас олгодог болно.
Ингэснээр иргэн та гэртээ эсвэл оффис дээрээ сууж байгаад тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийнхээ мэдээллийг оруулахад Боловсролын Яамны мэдээллийн нэгдсэн сантай холбогдоод танай ажилтнуудын мэргэжил боловсрол таарч байгаа эсэхийг хянана. Улмаар боловсон хүчний нэгдсэн системтэй холбогдоод танай компани шаардлага хангаж байгаа эсэхийг шууд автоматаар гаргаж ирнэ. Ингээд өдөртөө буюу шууд тэр дор нь QR нууцлал бүхий тусгай зөвшөөрлийг тань руу илгээх юм.
Өмнө нь долоон үе шат дамжиж багадаа 21 хоног зарцуулдаг байсан бол одоо хүний оролцоогүйгээр хяналт тавиад 1-3 хоногт гэрчилгээгээ авах боломжтой болно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|