Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том “задгай шорон” гэгддэг Газын зурвасын тухай

Т.Давааням, ikon.mn
2023 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Газын зурвас хэмээн газар нутгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Хамас зэвсэгт байгууллагын гэнэтийн халдлагын дараа энэ газрыг Израилийн зэвсэгт хүчин сүүлийн таван өдрийн турш тасралтгүй бөмбөгдөж байгаа.

Тусгаар улсаа байгуулж чадаагүй үндэстнүүдийн нэг палестинчуудын оршин суудаг хоёр хэсэг газрын нэг нь Газын зурвас юм. Нөгөөх нь Израилийн хяналтад байдаг Йордан голын баруун эрэг билээ.

Газ нь Израиль, Египет улсууд болон Газрын дундад тэнгисийн завсар хавчуулагдсан эрэг орчмын 365 км.кв хэмжээтэй зурвас газар юм. Энд 2.3 сая хүн амьдардаг.

Нэг хавтгай дөрвөлжин километр талбайд 5,500 хүн оногддог тул

дэлхийн хамгийн шигүү суурьшлын бүсүүдийн нэгд тооцогддог байна.

Харьцуулбал хөрш Израиль улсын ийм хэмжээний нэгж талбайд 400 орчим хүн оногддог.

Газын хүн амын 65 хувь нь 24 хүртэл насны хүүхэд залуус бөгөөд голч нас нь 18.

Сүүлийн 16 жилийн турш энэ нутгийг Израиль улс бүслэн хаах бодлого барьж байгаа. Тиймээс эдийн засаг нь асар их доройтож, ажилгүйдэл, ядуурал туйлдаа хүрсэн байдаг.

Газын ажилгүйдлийн түвшин 45 хувь байдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлтүүдийн нэг юм.

Эндхийн иргэд Израиль, Египетийн хилийг давахын тулд тусгай зөвшөөрөл авдаг. Ийм зөвшөөрлийг зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар өгдөг ч олдоц нь маш муу.

Тиймээс палестинчууд болон хүний эрхийн байгууллагууд Газын зурвасыг “дэлхийн хамгийн том задгай шорон” гэж нэрлэх нь бий.

Хүн амын дийлэнх нь муслимууд ба цөөн тооны загалмайтнууд байдаг.

Газын зурвасын хүн амын 60 гаруй хувь нь одоогийн Израилийн нутгаас дүрвэж ирсэн цагаачид юм. 1948 онд Израиль улс байгуулагдахад 750,000 гаруй палестин хүн энд дүрвэн ирж байжээ.

Даваа гарагт Израилийн засгийн газар Газын зурвасыг бүрэн бүсэлж, битүүмжлэх шийдвэр гаргасан. Ингэснээр хүнс, ус, түлш шатахуун, эрчим хүчний нийлүүлэлт тасалдаад байна.

Газын эрчим хүчний ихэнх хэсгийг Израиль улс нийлүүлдэг. Зарим хэсгийг нутаг дэвсгэр дээрээ үйлдвэрлэдэг ч станц ажиллуулах түлшийг нь мөн л Израилиас авдаг байна.

Бямба гарагаас хойш Газын зурваст интернэт сүлжээ ажиллахгүй болсныг NetBlocks платформ харуулж байгаа.

Израиль улс 300,000 армийн бэлтгэл хүчээ дайчилснаас харвал удахгүй Газын зурваст явган цэрэг оруулж магадгүй байна.

Хамгийн сүүлд 2014 онд Израилийн цэрэг Газад нэвтэрч байжээ.

Газын зурвасын өргөн 10 км, урт 41 км.

Хамгийн хойд цэгээс хамгийн урд цэг хүрэхэд автомашинаар нэг цаг явдаг. Израиль болон Газын газар нутгийг хашаагаар тусгаарласан байдаг.

Хэдийгээр Газаас цэргээ гаргасан ч Израиль улс бүх хил хязгаарыг нь хянадаг тул эзлэгдсэн газар нутагт тооцдог юм.

1967 оны зургаан өдрийн дайны үеэр Израилийн арми Палестины бүх газар нутгийг, үүнд Газын зурвас, Йордан голын баруун эрэг, зүүн Иерусалемыг эзлэн авч байжээ.

Газын одоогийн хил хязгаарыг 1949 оны хоёрдугаар сарын 24-нд Египет-Израилийн гал зогсоох гэрээгээр тогтоосон юм.

1967 оныг хүртэл энэ газар Египетийн захиргаанд байжээ.

2006 онд Газын зурваст болсон сонгуулиар Хамас зэвсэгт байгууллага Палестины засаг захиргааг удирддаг Фатах намыг ялсан юм.

Энэ сонгуулийн дараа Хамас, Фатах хоёр хэдэн сарын турш байлдаж, 2007 онд Хамас нь Газын зурваст бүрэн хяналтаа тогтоож байв.

Харин 1993 оны Ослогийн гэрээг Израиль улстай байгуулсан Палестины засаг захиргаа Йордан голын баруун эргийг хяналтдаа авч үлджээ.

2005 оноос хойш Израиль улс Хамасын дэглэмийн эсрэг зургаан удаа байлдааны ажиллагаа явуулж байснаас хамгийн том нь 2014 онд болж байв.

Долоон долоо хоног үргэлжилсэн энэ ажиллагааны үеэр 2,000 гаруй палестин хүн алагдсан гэдэг.

Фатах намын Палестины засаг захиргаа Израильтай энх тайвнаар зэрэгцэн орших бодлоготой бол Израиль улсыг хүлээн зөвшөөрдөггүй Хамас зэвсэгт байгууллага 1967 оны үеийн хилийн шугам дээр үндэслэн тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах зорилготой.

Сүүлийн жилүүдэд Израиль улс 1993 оны Ослогийн гэрээгээ зөрчиж, Палестины газар нутаг руу хүч түрсээр байгаа.

Израилийн улс төрд хэт үндсэрхэг үзэлтнүүд тодорч, Палестины нутаг дэвсгэрт жүүд хүмүүс олноор шилжин суурьших болсон нь зөрчил мөргөлдөөнийг улам нэмэгдүүлж байна.

Энэ оны эхнээс Бямба гараг хүртэл хугацаанд 200 гаруй палестин хүн ийм мөргөлдөөний улмаас Израилийн хууль хүчнийхэнд алагдсан юм. Тэгвэл Бямба гарагаас хойш таван өдрийн дотор 1,055 палестин хүн, 1,200 жүүд хүн алагдаад байна.

 

Эх сурвалж: Aljazeera