Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шойгу, Пригожин нар Украины армийн хохирлын хэмжээний талаар зөрчилдөв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням, Даваа гарагуудад Донецкийн фронтын шугам дээр Украины армийн сөрөг давшилтыг няцааснаа ОХУ-ын батлан хамгаалахын сайд өчигдөр мэдээлсэн юм.

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлэлдээ Украины армийн 3,700 гаруй цэрэг алагдсан бол Оросын талаас ердөө 71 цэрэг алагдсан гэжээ.

Мөн Украины армийн олон арван байлдааны зэвсэг техникийг устгаснаа мэдээлсэн юм.

“Сөрөг давшилт бүтэлгүйтсэн. Дайсныг зогсоож чадлаа. Оросын цэрэг, офицерууд тулааны талбарт эр зориг, баатарлаг үйлсийн үлгэр жишээг үзүүллээ” гэж Шойгу ярьсныг хэвлэлүүд дамжуулжээ.

Харин Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин сайдын мэдээлэлд эргэлзэж байгаагаа тэр дор нь илэрхийлсэн байна.

Дайсанд ийм их хэмжээний хохирол нэг удаагийн тулаанаар учруулах боломжгүй, хэрвээ үнэн бол үүнийг тулаан биш “хядлага” гэж нэрлэх ёстой гэж тэр тайлбарлажээ.

“Тиймээс би үүнийг зүгээр л замбараагүй уран зөгнөл гэж бодож байна” гэж Пригожин сошиал хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр бас Оросын армийн цэргүүд Бахмутын ойролцоох Берхивка тосгоноос аажмаар ухарч байгааг дуулгаад үүнийг “гутамшиг” гэж нэрлэжээ.

Дараа нь ОХУ-ын батлан хамгаалах яам Пригожиний мэдэгдлийг няцааж, Бахмут орчмын байрлалууд Оросын армийн хяналтад хэвээр байгааг мэдэгдсэн юм.

Пригожиний зэвсэгт хүчин Бахмут хотыг бүрэн эзэлснээ зарласны дараа байрлалуудаа Оросын армид шилжүүлээд өнгөрсөн сарын сүүлээр хотоос гарсан гэдэг.

Үүнтэй зэрэгцэн удаан яригдсан Украины армийн сөрөг давшилт эхэлсэн шинж тэмдэг ажиглагдаж эхлээд байна.

Даваа гарагт Украины батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр дайны хамгийн халуун цэг болоод буй Бахмутын орчимд зарим давшилтын ажиллагаа эхэлснийг мэдээлсэн юм.

Даваа гарагийн орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит видео мэдэгдэлдээ Бахмут орчмоос “хүлээж байсан үр дүн”-г дуулгасан зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: BBC