Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын дроныг унагасан нисгэгчээ ОХУ-ын засгийн газар одон медалиар шагнав

Т.Давааням, ikon.mn
2023 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Мягмар гарагт Хар тэнгист АНУ-ын тагнуулын дроныг унагасан сөнөөгч онгоцны нисгэгчээ одонгоор шагнасныг ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

“Америкийн MQ-9 дроныг хил зөрчихөөс сэргийлж чадсан Су-27 сөнөөгч онгоцны нисгэгчид ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу төрийн дээд одон медаль гардууллаа” гэж дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна.

Энэ алхам нь тус улс цаашдаа АНУ-ын тагнуулын нислэгүүдэд илүү хатуу арга хэмжээ авах дохио болж байгаа юм.

“Америкийн дронуудыг унагах ажиллагаагаа Оросын зэвсэгт хүчин үргэлжлүүлэх нь эндээс тодорхой харагдаж байна. Энэ шийдвэр засгийн газраасаа эрс хатуу бодлого шаардаж буй Оросын олон нийтийн хүчтэй дэмжлэгийг авах нь тодорхой” гэж Кремлийн бодлогыг дэмждэг улс төрийн шинжээч Сергей Марков сошиал хуудсандаа бичжээ.

АНУ-ын тал дроноо Хар тэнгисийн дээрх олон улсын агаарын орон зайд нислэг үйлдэж байсан гэж тайлбарладаг. Харин Оросын тал Украины дайнтай холбоотой Крымийн хойгийн ойролцоо агаарын орон зайд нислэггүй бүс зарласан ба энэ бүсийн хил хязгаарыг дрон зөрчсөн гэж тайлбарлаж байгаа.

Дроноос нууц мэдээлэл алдах эрсдэлийг бууруулж чадсан тул үлдэгдлийг нь тэнгисийн уснаас гаргаж авах зорилгогүйгээ Пентагон илэрхийлсэн бол Оросын тал дроны үлдэгдлийг гаргаж авахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Болсон явдлын дараа Вашингтон олон улсын хууль дүрмийн хүрээнд тагнуулын нислэгүүдээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP