Японы парламентын гишүүнээр сонгогдсон ч ганц удаа чуулганд суугаагүй YouTube одыг огцруулах шийдвэр гарчээ.
YouTube платформд GaaSyy нэрээр алдаршсан Ёшиказү Хигашитани 2022 оны долдугаар сард Японы парламентын дээд танхимд гишүүнээр сонгогдож байсан юм.
Гэвч тэр сонгогдсон цагаасаа хойш ганц ч хуралдаанд оролцоогүй байна. Парламентын дарга сүүлд түүнд “урилга” явуулсан ч хариу ирүүлээгүй тул ёс зүйн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанаар гишүүнээс нь буцааж татах шийдвэр гаргажээ.
Хигашитани хамгийн сүүлд Турк улсын газар хөдлөлтийн бүсэд байгаагаа YouTube сувгаараа мэдээлж байсан юм.
Түүний суваг алдар нэртэй хүмүүсийн тухай дуулиан, хов живийн сэдвээр дагнадаг юм байна. Хигашитани чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа нь тэр Японд буцаж ирвэл хүмүүсийн нэр төрд халдсан хэрэгт шалгагдах болоод байгаатай холбоотой гэж зарим хэвлэл мэдээлжээ.
YouTube сувгаар нь цацсан мэдээлэлтэй холбоотой зарим алдартнууд түүний эсрэг гомдол гаргаад байгаа гэнэ.
Японы парламент сүүлийн 72 жилийн түүхэндээ анх удаа гишүүнийг буцаан татсан тохиолдол энэ юм байна. Одоогийн үндсэн хуулийг батлагдсанаас хойш тус улсын парламент нийтдээ хоёр удаа л гишүүнээ хөөж байжээ. Хигашитанигаас өмнө 1950 онд парламентын дээд танхимын нэг гишүүн, 1951 онд доод танхимын нэг гишүүн ийм арга хэмжээ авхуулж байсан юм.
Эх сурвалж: CNN