"Дархан арьс ширний цогцолбор" ХХК-ийг хохироосон байж болзошгүй Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам(ХХААХҮЯ)-д холбогдох шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд товлогдсон ч гурав дахь удаагаа хойшиллоо.
Тодруулбал, өнөөдөр товлогдсон шүүх хурал ХХААХҮЯ-ны өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар хойшлов.
"Дархан арьс ширний цогцолбор" ХХК-ийн захирал Д.Энхбаяр "Шүүх засаглалыг яам хүндэтгэх ёстой. Ингэж хойшлуулаад байж болохгүйг манай өмгөөлөгч удаа дараа хэлж байгаа. Яамнаас тайлбар өгөхгүй байгаа учраас Захиргааны хэргийн шүүхээс Лхагва гарагт ХХААХҮЯ-д үзлэг хийхээр боллоо.
Энэхүү улсын төсөл дээр төр, хувийн хэвшил үүргээ хуваарилаад ажиллахдаа, ХХААХҮЯ дэд бүтцийг хариуцаж, хөрөнгө оруулалт хийх ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй. Тэрбум гаруй төгрөгөөр хийх зүйлийг яам 4.7 тэрбумаар хийсэн гээд байгаа.
Энэ нь цаашлаад улсад хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх хохирол үүсгэх гээд байгаа юм. Үүн дээр яамны сайд, дарга нар л шийдвэрээ гаргаж өгөхгүй байгааг энд ирсэн хуульч, мэргэжилтнүүд хэлж байна" гэв.
"Дархан арьс ширний цогцолбор" ХХК-ийн захирал Д.Энхбаярын өмгөөлөгч "Шүүх хурлыг хойшлуулах бүх аргыг яам хэрэглэж байна. Анх наймдугаар сард нэхэмжлэл өгөхөд нэг удаа буцаад, есдүгээр сард дахин өгсөн.
Яам манай хэрэгжүүлж байгаа төсөл дээр Засгийн газрын тогтоолоор дэд бүтэц барих ёстой. Гэтэл дэд бүтцээ хийж өгөөгүйн дээр 25 га газар аваад ижил төсөл хэрэгжүүлээд төсвийн 4-5 тэрбум төгрөгийг дэмий үрсэн.
25 га талбайд төсөл хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр байсан юм уу гэхээр нэг байгаа, байхгүй гээд одоо бүр байхгүй гэдгээ амаар хэллээ. Тэр тайлбараа бичгээр гаргаад өг гэхээр, гаргаж өгөхгүй удаа дараа тэс өөр баримтууд авч ирээд байдаг. Шүүгч аргаа бараад яам дээр үзлэг хийхээр болж байна.
Төрд гурван эрх мэдэл байдаг, Гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, Хууль тогтоох эрх мэдэл бүхий УИХ, Шүүх эрх мэдэл гээд энэ гурав тэнцүү хэрэгжиж байх ёстой. Гэтэл гүйцэтгэх эрх мэдэл бүхий яам, давуу эрхтэй мэт шүүх эрх мэдлийг ингэж басамжлан доромжилж болохгүй" гэлээ.
Мөн тэрбээр "Хурал удаа дараа хойшилж байгаагаас үүдсэн хохирлыг манай захирал тодорхойлох байх. Хоног тутамд Хөгжлийн Банкны хүү бодогдсоор байгаа. Хөгжлийн Банкны зээлийг төлөхгүй байна гээд буруутгаад байдаг. Гэтэл төр засаг нь үйлдвэр байгуулах боломж олгохгүй байна. Үйлдвэр босоогүй, үйл ажиллагаа явуулаагүй юм чинь яаж зээлээ төлөх вэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!