Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон сууц болон олон өмчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт дундын мэдлийнхээр олгоно"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна.

БХБ-ын сайд хуулийн төслийн талаар танилцууллаа.

"Шинэчлэн найруулсан Газрын тухай хууль шуналтнуудын ашиг сонирхлыг бус улс орон, иргэний нийтлэг эрх ашгийг хангасан байх ёстой. Газрын хэвлийн баялгаар нэг хэсэг нь ашиг орлого олдог, нийтлэг хэсэг нь ядуу амьдардаг цаг үе болсон байна.

Шинээр гэр бүл болж байгаа иргэд хямд үнээр газар авах эрхтэй байх ёстой. Дуудлага худалдаагаар өрсөлдөнө гэвэл баян айлын хүүхэдтэй яаж өрсөлдөж газар авах вэ. Тийм учраас газрын харилцааны асуудлыг зохицуулахдаа хийт иргэдийн эрх ашгийг хангана" хэмээн дурдлаа.

Сайд Ц.Даваасүрэн "Одоогийн байдлаар 370 гаруй субъект газар олгох шийдвэрийг гаргадаг. Эдгээрийн дийлэнх нь сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байгаа. Энэ байдлыг өөрчилж иргэд, олон нийтийн саналыг тусгаж боловсруулж, аймаг, нийслэл, сум, Засаг дарга өргөн мэдүүлж, ИТХ-ын төлөөлөгчдийн баталсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонго шалгаруулалтын зарчмаар цахим системээр шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ дээд шатны өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Төлөвлөсний дагуу газар олгодог болно.

Өнөөдрийн байдлаар 7 дэд систем, 2 мэдээллийн сан бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын системээр дамжуулан газар төлөвлөх, олгох, бүртгэх, үнэлэх, татвар төлбөр ногдуулах, нөхөн сэргээх, хамгаалах, газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Хууль батлагдсанаар энэхүү газрын нэгдмэл сангийн нэгдсэн системийг бүрэн утгаар нь ашиглах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Газар олгох ажлыг хүнд суртал, шат дамжлагыг багасгаж, улс төрийн ашиг сонирхлоос ангид мэргэжлийн шийдвэр гаргана. Ил тод болно.

Газрын маргаан, давхардал арилна.

Газар ашиглалтын бүсчлэл түүний дүрмийг аймаг, нийслэлийн ИТХ-ын хурал, Засгийн газар тогтооно. Ингэснээр хот байгуулалт, газрын харилцааны уялдаа холбоо сайжирна.

Нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн ашиглавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төр, нийтийн өмч байх бөгөөд бусдад ашиглуулах төрөл, зориулалт, хэмжээ, хязгаарыг тусгайлан заасан.

Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн газрыг үнэгүй өмчлөх эрхээ хот, тосгон, бусад суурины эдэлбэр газарт хуулийн хугацааны хязгаарлалтгүйгээр хэзээ ч эдлэх боломжтой болно.

Өөрийн өмчийн газраа бусад иргэн, хуулийн этгээдэд өмчлүүлэх болон барилга байгууламж барих газрын эрхээр шилжүүлэх, гэрээний үндсэнд хуульд заагдсан зориулалтаар ашиглуулах боломжтой болно.

Нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт дундын мэдлийн газрын эрхээр олгоно. Энэ маргаантай асуудал. 

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар зөвхөн гадаадын иргэн, хуулийн этгээд газрыг ашиглах эрхтэй байдаг бол Газрын ерөнхий хуулийн төслөөр Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг бүрэн нээж өгч байгаа. Тухайлбал, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын лиценз бүхий талбайд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулдаг болно.

Төрийн байгууллагын эзэмшлийн газруудыг бусдад шилжүүлэх зэргээр захиран зарцуулах, барьцаалах, худалдах боломжгүй болно.

Цахим үйл ажиллагаатай газрын биржийг байгуулна. Ингэснээр газрын далд арилжааг зогсоож, газар, үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгдэнэ. Газар худалдах үйл ажиллагааг уг биржээр дамжуулна.

Төрийн захиргааны төв байгууллага биржийг удирдан зохион байгуулна. Аймаг, нийслэлд цахим биржийн салбар нээнэ.

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэх, хугацааг сунгуулах хүсэлт гаргаад гурван сараас нэг жилийг зарцуулдаг гэсэн судалгаа байна. Шинэ хууль батлагдсанаар уг хүсэлтийг ажлын 18 хоногт багтаан шийдвэрлэдэг болно гэж үзэж байгаа" хэмээн танилцуулав.

Хуулийн зохицуулалтаар Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын нэгдмэл байх эрх зүйн орчныг хангах зарчимтай. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.