“Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийг бууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээллээ. Тус компани нь 2016 оноос эхлэн фэйсбүүк, инстаграм дахь ташаа мэдээллийг бууруулах, устгах замаар цахим орчинд тархаж байгаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах албан ёсны түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ талаар Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвөөс мэдээлэл өгөхдөө "Цахим сүлжээгээр хуурамч, ташаа мэдээллийг хил хязгааргүй түгээж байгаа нь мэдээллийн цар тахлын тулгамдсан асуудал болж байна. Мэдээллийн цар тахал нь олон сөрөг үр дагаврыг авчирч байгаа. Худал мэдээллийг бууруулахын тулд Google, Mета зэрэг томоохон компаниуд тодорхой бодлого стратеги баримтлан ажилладаг. Ташаа мэдээллийн тархалтыг бууруулах "Мета"-гийн албан ёсны түнш нь Монголын баримт шалгах төв болсон" гэв.
Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо "Монголын баримт шалгах төв (Mongolian fact checking center) албан ёсоор "Мета" компанийн хөндлөнгийн баримт шалгагчаар ажиллахаар болсон. Энэхүү компани нь хэрэглэгчдийн мэдэх эрхийг баталгаатай мэдээллээр хангах зорилгоор бие даасан хөндлөнгийн баримт шалгах байгууллагуудтай хамтран ажилладаг.
Дэлхийн 80 гаруй байгууллагатай 60 хэлээр баримт шалгаж мэдээлэл хүргэж байсан. Харин одоо нэмэлтээр Монгол, Казах хэлээр баримт шалгах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, 62 хэлээр фэйсбүүк, инстаграм зэрэг платформд баримт шалгах боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээр
Шошготой болсноор тодорхой хэмжээний шүүлтүүрээр тухайн мэдээллийг унших боломж бүрдэх юм. Бид өнгөрсөн хугацаанд ташаа мэдээллийн хойноос явж үр дагавартай нь тэмцэж ажилладаг байсан. Тэгвэл өнөөдөр "Мета" компанийн албан ёсны түнш болсноор хуурамч мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа" хэмээн хэлсэн юм.
Монголын баримт шалгах төвийн Ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг "Манай төв 2020 оны гуравдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд Олон улсын баримт шалгагчдын сүлжээнээс гаргасан ёс зүйн кодын дагуу баримтыг олж илрүүлж, шалгадаг байсан. Улмаар шалгасан баримтаа пэйж хуудаст нийтлэх эсвэл цахим хаягаараа түгээдэг байсан. Гэвч түгээлт хангалттай байгаагүй. Харин одоо фэйсбүүкийн түнш болсноор худал мэдээллийг хаах эрхтэй болно. Энэ нь бидний үйл ажиллагаанд маш том дэмжлэг болж байгаа" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!