Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Одбаяр: ОХУ Эгийн голын УЦС баригдвал Байгал нуур орчмын сав газар гэмтэж, ан амьтан хорогдох эрсдэлтэй гэж үзэж байна лээ

Э.Мөнхтүвшин, Өдрийн сонин
2021 оны 12 сарын 6
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Оросын Холбооны Улс руу хийх Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал болон цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.

- Ерөнхийлөгчийн гадаад бодлогын гол зорилтуудаас яриагаа эхэлье. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдээс онцолбол?

- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлэх олон чухал арга хэмжээнүүд төлөвлөсөн. Эдгээр ажлуудын талаар дэлгэрэнгүй яривал бид хоёрын ярилцлага их урт болно. Тиймээс би гурван шинэ бөгөөд өндөр ач холбогдолтой бодлогын чиглэлийг онцлон дурдах замаар зарим төлөвлөгөөт ажлыг зах зухаас нь танилцуулахыг хичээмээр байна.

Эхнийх нь ногоон хөгжлийн бодлого. Ерөнхийлөгч ногоон хөгжилд онцгой анхаарал хандуулан гадаад улс орнууд руу чиглэсэн үйл ажиллагаа болон дотооддоо хийх ажилдаа ногоон хөгжлийн зарчмуудыг удирдлага болгон ажиллахаар байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Монгол Улс хувь нэмрээ оруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллана.

Энэхүү ажлын хүрээнд иргэдийн экологийн талаарх ойлголт, мэдлэг боловсролыг дээшлүүлж, хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд анхааран ажиллахаар тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа. Нэн ялангуяа манай улсын нутаг дэвсгэрээс үүдэлтэй шар шороон шуурганы асуудалд бүс нутгийн улс орнуудын анхаарлыг татах чиглэлээр багагүй ажлуудыг хийлээ.

Энэхүү шар шороон шуурга бол зөвхөн Монгол Улсын асуудал биш, манайд дэгдсэн шороон шуурга урагшаа Хятад Улс, зүүн зүгт нүүсээр Солонгосын хойг, Япон, цаашлаад Номхон далайг даваад Америкийн Калифорни муж хүртэл нүүдэллэж олон тэрбум доллароор хэмжигдэх хохирлыг дагуулсаар байгаа. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсын цөлжилтийн асуудал зөвхөн Монгол Улсын асуудал биш бүс нутгийн хэмжээний байгалийн гамшиг болж байгааг дотоодын болон олон улсын олон хурал цуглаануудын индэр дээрээс илэрхийлж байгаа.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилтийн асуудлыг бид ганцаараа шийдвэрлэх боломжгүй тул хоёр хөрштэйгөө эл асуудлаар санал солилцон бүс нутгийн хэмжээнд төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх талаар идэвхтэй санал солилцож байна.

Энэ хүрээнд авч хэрэгжүүлж байгаа томоохон ажил бол "Тэрбум мод" тарьж, ургуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн явдал юм. Энэ бол зүгээр мод тариад орхих асуудал биш гэдгийг Ерөнхийлөгч онцолж байгаа. Уг үндэсний хөдөлгөөн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийгдээд дуусах ажил ч биш. Цаашдаа үеийн үед хэрэгжээд үр дүнгээ өгөөд явах байгаль орчны салбарын томоохон бодлогын хэрэгжилтийн эхлэл юм.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн дипломат үйл ажиллагааг онцолмоор байна. Үүнийг зарим хүмүүс зөвхөн вакцин худалдан авах, буцалтгүй тусламжаар вакцин авах, вакцинжуулах гэсэн өнцгөөс ойлгож байгаа нь өрөөсгөл юм. Энэ нь дипломат үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт ашиглан улс орныхоо хөгжилд ашиглахыг хэлж байгаа юм. Жишээлбэл, манай улс уламжлалт анагаах ухаанд суурилсан халуун, хүйтэн рашаан сувилалтай орон. Энэ бол манай улсад байгаа бодит баялаг. Үүнийг эрүүл мэндийн бодлого, аялал жуулчлалын салбарын бодлоготойгоо уялдуулан гадаад бодлогын тусламжтайгаар эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тус салбарын жуулчдын урсгалыг бий болгоё гэсэн ухагдахуун явж байгаа юм. Түүнчлэн зөвхөн сувилалд эмчлүүлээд буцах биш, манай урлаг соёлын гайхамшгийг мэдрүүлэх замаар Монгол Улсын нэр Хүнд, өв соёлыг зөвөөр гадагшаа таниулах ийм цогц бодлого юм.

Гуравдугаарт, иргэндээ хүрсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд хүчирхэг монгол паспорт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаадад суугаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, монгол соёл, өв уламжлалыг таниулах чиглэлээр зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

- Эдийн засгийн хувьд тэр дундаа хоёр хөрштэйгөө харилцах гадаад бодлогын тухайд яривал?

- Ерөнхийлөгч Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчлан ажиллана.

Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжин, харилцан ашигтай, Монгол Улсын эрх ашигт нийцсэн "Хөгжилд хөтлөх хөрөнгө оруулалт" үзэл баримтлалыг санаачлан боловсруулж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Бид зээл тусламжид тулгуурласан хамтын ажиллагааг аажмаар багасгаж харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллахаар төлөвлөж байна. Та хоёр хөршийн талаар асуулаа.

ОХУ болон БНХАУ- тай хөгжүүлэх эдийн засгийн харилцаанд ч мөн адил дээрх зарчим үйлчлэх болно. Ерөнхийлөгч харилцан ашигтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг Монгол руугаа татъя гэсэн бодлого баримтлан ажиллах болно.

- Иргэнд хүрсэн дипломат бодлого гэж та түрүүн ярьсан. Манай улсын дипломатуудын ёс зүй, мэргэжлийн чадвараас тухайн улсад оршин суугаа монголчуудын эрх ашиг хамаарч байдаг шүү дээ?

- Юун түрүүнд дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүдийг удаан хугацаанд томилоогүй байсан гажуудлыг бүрэн арилгаж, Ерөнхийлөгч нийт 23 Элчин сайдыг томилон үүрэгт ажилд нь оруулаад байна. Дипломат албаны мэргэжил, ур чадварын шаардлагыг дээшлүүлэн, сахилга ёс зүйн хэм хэмжээг чангатган, алдаа, дутагдал гаргавал заавал хариуцлага хүлээлгэдэг байх зарчмыг тууштай хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч онцгой анхааран ажиллаж байна. Шинээр томилогдсон Элчин сайд нартаа ч энэ чиглэлийн үүргийг өгч байна.

Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилтот арга хэмжээнүүдийг олноор санаачлан ажиллахаар төлөвлөж, зарим томоохон арга хэмжээг 2022 онд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тэдний үр хүүхдүүд эх хэлээ сурч, уламжлалт ёс заншлаа өвлөн хадгалахыг бодлогоор дэмжин ажиллана. Эх орондоо ирэх, суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд мөн анхаарч ажилласнаар иргэнд хүрсэн дипломат бодлого бодитоор хэрэгжих болно.

- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удахгүй ОХУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа. Энэхүү айлчлалаар ямар асуудлыг хөндөж ярилцах вэ. Айлчлалын гол зорилго юу байна вэ?

- Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ой тохиож буй энэ онд Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал хийгдэх гэж байна. Нөгөөтээгүүр энэ айлчлал цар тахлын үед болж байгаа тул зохион байгуулалтын хувьд өмнөх айлчлалуудаас бага зэрэг ялгаатай.

Бид дэлхий нийтээрээ амаргүй байгаа энэ цаг үед Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон явдал нь яах аргагүй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харуулж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа найрсаг харилцаатай байгаагийн тод илрэл гэж үзэж байна.

манай улс уламжлалт анагаах ухаанд суурилсан халуун, хүйтэн рашаан сувилалтай орон. Энэ бол манай улсад байгаа бодит баялаг.

Үүнийг Оросын талаас cap хүрэхгүй хугацаанд хийгдсэн өндөр хэмжээний айлчлалууд ч бүрэн илтгэж буйг олон нийт анзаарч байгаа байх аа. Тухайлбал. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов нарын Монгол Улсад хийсэн айлчлал юм.

Айлчлалын үеэр хэлэлцэх олон сэдэв бий. Ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтай хамт хоёр талын харилцааны хуучин зуунаа үдэж шинэ зуунаа эхлүүлэх ийм түүхэн айлчлал болно. Бид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны шийдэгдээгүй удсан, гацсан болон хоёр орны цаашдын найрсаг харилцаанд саад тотгор болох магадлалтай асуудлуудыг хамтран шийдвэрлэж, үл ойлголцол байсан бол хамтарсан ойлголцолд суурилсан шийдвэрүүдийг гарган хуучин зууны асуудлуудыг хуучин зуундаа эцэслэн орхиж, шинэ зуундаа харилцан ашигтай хоёр орны ашиг сонирхолд нийцсэн хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллахаар төлөвлөж байна. ОХУ-д хийх албан ёсны айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч гагцхүү энэ зарчмын хүрээнд уулзалт хийж хоёр орны иж бүрэн стратегийн түншлэл, цаашлаад манай хоёр орны ахан дүүсийн түүхэн энэ харилцаа, хамтын ажиллагааг бататгахад анхаарах юм.

- Харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий харилцааг эрхэмлэн ажиллана гэж байна. Энэ бол танайх, манайх хоёулаа ашиг авч болохоор байна. Үүн дээр хамтарч ажиллах уу л гэсэн үг биз дээ, эдийн засгийн хувьд...

- Эдийн засгийн томоохон төслүүдээ хөндөж ярилцана. Тухайлбал, эдийн засгийн коридор, баруун, зүүн талын төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой, төмөр замын өргөтгөлийн асуудал зэрэг төслүүдээ ярилцана. Хийн хоолойн хувьд ТЭЗҮ нь гараад дуусаж байгаа. Харилцан ашигтай байх буюу Оросын ашиг сонирхол, Монголын ашиг сонирхол орсон хөрөнгө оруулалтыг татах эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана.

Хийн хоолой манай нутаг дээгүүр тавигдаж, байгалийн хий манайхаар дамжин урсаж л байвал бидэнд орлого орж байх учиртай

Зөвхөн хөрөнгө оруулаад ороод ирээч ээ гэсэн зүйлийг ярихгүй. Хамтаръя, манайд хамтарсан үйлдвэр байгуулъя, үүнийгээ ашигтай ажиллуулаад хоёр зах зээл рүүгээ гаргая гэдэг санаагаар л эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тодорхойлохыг эрмэлзэнэ. Хятад улс Монгол Улс хоорондын худалдааны хэмжээг Орос-Монголын худалдааны хэмжээтэй харьцуулбал нэн ялгаатай болсон байгаа.

Ерээд оноос өмнө энэ эсрэгээрээ байлаа шүү дээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хоёр хөрштэй найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ, чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван. тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ хэмээн заасан байдаг. Иймд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэн хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцохоор төлөвлөж байна.

- Томоохон төслүүдээс онцлоод асуухад байгалийн хий дамжуулах хоолойн төсөл байна. Энэ хоолой манай улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөх нь бидэнд ямар ашигтай юм, ашиггүй юм биш үү гэсэн олон таамаг нийгэмд өрнөж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

- Энэ төслийн нарийвчилсан ТЭЗҮ тун удахгүй гарна. Ашигтай гэж үзсэн учраас л энэхүү төсөл яригдаж байгаа. Ер нь бол хийн хоолойн тухай ярихаар олон төрлийн ач холбогдол болон ашиг сонирхол яригдах учиртай. Ач холбогдлын талаар яривал хийн хоолойн эдийн засаг, улс төр, аюулгүй байдал, геополитик гээд олон талаас нь дүгнэж ярих шаардлагатай. Нөгөөтээгүүр "Транзит Монгол" болно гэсэн бодлого явж байгаа. Хийн хоолой манай нутаг дээгүүр тавигдаж, байгалийн хий манайхаар дамжин урсаж л байвал бидэнд орлого орж байх учиртай.

Хэрвээ улс төрийн болон эдийн засгийн ач холбогдолгүй байсан бол үүнийг Монголын нутаг дэвсгэр дээгүүр бариулах талаар ярихгүй л дээ. Эдийн засгийн хувьд Хятадад хэрэгцээ нь байна. ОХУ-д нөөц бололцоо нь байна. Манай улс голд нь байгаа учраас дамжин өнгөрүүлэх асуудал ярих нь зүй ёсны асуудал. Энэ асуудлыг 20 гаруй жил ярилаа. Бүр бид нарыг тойруулаад барих шийдвэр ч гарч л байсан.

Өмнөх Засгийн газрын үед үүнийг Монголоор дамжуулан барихаар шийдвэрлэсэн нь сайн хэрэг. Түүнчлэн хийн хоолойн цаана ямагт геостратеги, геополитик болон ашиг сонирхол аюулгүй байдлын асуудал явж байдаг нь нууц биш. Бас олон нийтийн дунд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хойноос урагшаа төмөр хоолой татах нь ээ гэсэн буруу ойлголт явж байгаа харагдсан. Нөгөө дулааны шугам шиг тийм хоолой яваад манай улсыг хоёр хуваачих юм байна гэж бас мэр сэр яриад байна лээ. Энэ бол тийм биш.

Газар доогуур 1.8 метрийн гүнд тавигдах халаалттай хийн хоолой юм. Ер нь эл асуудлаар хэн дуртай нь таамаг дэвшүүлж судалгаагүй, шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлт мэдээлэл тараагаад байх нь зохимжгүй юм.

- Та түрүүн хэлсэн. Бид харилцан ашигтайгаар хоёр талынхаа ашиг сонирхлыг хэлж ярьдаг болно гэж. Манай улс хойд хөршөөсөө эрчим хүчний хэрэглээнийхээ дийлэнхийг импортоор авдаг. Үүнийг багасгах, дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэе гэдэг байдлаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг гаргаж ирсэн. Үүнийг оросууд дэмждэггүй. Энэ асуудлаа ярилцах уу?

- Эгийн голын цахилгаан станцын асуудал манай хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдолтой асуудал, бас эмзэг сэдэв гэхэд ч буруудахгүй. Юуны өмнө хөршүүдийнхээ дотоод бодлогыг ойлгодог байх хэрэгтэй. ОХУ-ын зарим нуур, гол горхи хатаж, ширгэж байгаагаас үүдээд Байгал нуурынхаа сав газрыг хамгаалах бодлогодоо түлхүү анхаарч байгаа юм билээ. Асуудлыг нэг талаас нь тайлбарлах юм бол учир дутагдалтай.

Оросын тал усан цахилгаан станц битгий барь. дутагдаж байгаа эрчим хүчээр чинь бид хангаад өгье гэж тулгаад байгаа гэсэн байдлаар тайлбарлаад, мэдээлээд байгаа нь буруу. Огт тийм зүйл байхгүй. Манай улс ардчилсан орон. Мэдээллийн урсгал шилэн, нээлттэй байх нь зөв.

Гэхдээ гадаад бодлого, гадаад харилцаан дээрээ бид нэгдмэл бодлоготой, нэг мэдээлэлтэй байх учиртай. Буруу зөрүү мэдээллийн урсгалаас болоод харилцааны хүндхэн асуудлууд хоёр орны хооронд үүсэх эрсдэлтэй. Эгийн голын цахилгаан станцын хувьд хоёр тал олон жилийн турш харилцан байр сууриа илэрхийлсээр ирсэн. Хамтдаа нэгэн шийдэлд хүрэх зүгт явж л байна.

- Бид ер нь өөрсдөө юмаа барих гэж байхад тэд нарт ямар хамаатай юм гэсэн хандлагатай хүмүүс ч байна. Ер нь ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга манайд ирээд яг юу хэлчхээд, ямар асуудал ярьчихаад явав?

- ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко ирээд Эгийн голын УЦС барих асуудлаар онцгойлон огт яриагүй. Харин эрчим хүчний нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар ярьсан.

Гэхдээ хоёр талын ерөнхий байр суурь энэ төсөл дээр хамтарсан судалгаа хийх дээр нэгдсэн байдаг. Орос бол том гүрэн, том улс. Том ашиг сонирхолтой. Монгол Улсад ч гэсэн өөрийн ашиг сонирхол бий. Түүнийгээ ч илэрхийлсээр яваа. Үүнийгээ хоорондоо ярилцаж байгаад ойлголцох ёстой. Та асуусан учраас ерөнхий мэдээлэл өгөх нь зүйтэй. Оросын тал Эгийн голын УЦС баригдах юм бол хойшоо гарч байгаа гол мөрнөөс хамаарал бүхий Байгал нуур орчмын сав газар гэмтэж. загас ан амьтан, байгалийн төрөл зүйл хорогдох эрсдэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, экологийн тэнцвэр алдагдах гээд байна гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Тиймээс манай байр суурийг хүндэтгэн үзээд энэхүү асуудлаа дахин нэг хараач ээ гэдгээ харилцан илэрхийлээд явж байгаа. Үнэхээр эрчим хүчний асуудалтай байгаа бол сайн хөршийн хувьд бид дутагдаад буй эрчим хүчийг чинь нийлүүлэх боломж байна хэмээсэн. Ийм л зүйлийг ярьсан. Түүнээс биш танайх боль гэдэг утгаар огт яриагүй.

Манай улсын зүгээс бид баруун болон төвийн бүсээ эрчим хүчээр хангахын тулд энэхүү УЦС-ыг барих шаардлагатай хэмээн хэлэлцдэг. Танайх энэ төслийг дэмжээд хамтран ажиллаач ээ гэдэг байр сууриа байнга илэрхийлж байгаа. Ер нь Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө буруу зөрүү мэдээлэл цацах нь зохимжгүй ч ийм сонирхолтой бүлэг байхыг үгүйсгэхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна, гэхдээ гадаад бодлого бол тоглоом биш гэдгийг хаа хаанаа анхаарах нь зүйтэй юм.

- Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө Оросын талаас гурван ч томоохон албан тушаалтан хүрэлцэн ирлээ. Үүний цаад учир нь юу байна вэ?

- Энэ бол олон улсын харилцаанд байдаг л зарчим. Франц руу ч явсан. хаашаа ч явсан тухайн улсын төр засгийнхан. албаныхан ирдэг. Айлчлалаас өмнө ярьж хэлж байгаа, шийдэгдээгүй асуудлууд, үл ойлголцлоо нэг тийш нь болгох зорилгоор төрийн өндөр албан тушаалтнууд нь харилцан айлчлал хийдэг. Нөгөөтээгүүр төрийн тэргүүний айлчлалын өмнө ОХУ төрийн өндөр албан тушаалтнууд манай улсад айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа ямар гүнзгий, өндөр түвшинд хөгжсөнийг илтгэж байгаа хэрэг.

Үүнийг эсрэгээр нь бодоод үзье. Хэрэв манай улсыг тоодоггүй, харилцан ашигтай ажиллаж чадахгүй гэж үзсэн бол урьдчилан ийм айлчлал хийхгүй байх байсан. Засгийн газрын түвшинд ОХУ-ын хоёр ч шадар сайд нь ирлээ. Батлан хамгаалахын түвшинд ЗХЖШ-ын дарга нь ирлээ. Энэ бүхэн манай хоёр орны найрсаг ахан дүүсийн харилцааны том илрэл. Үүнийгээ ч Оросын талын төлөөлөгчид илэрхийлсэн.

Зураг