Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийнхээ хувийн мэдээллийг алдсан Их Британийн засгийн газар их хэмжээний мөнгөн торгууль хүлээжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хатан хаан жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд “New Year Honours” шагналыг улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдэд олгодог уламжлалтай.

Тус улсын засгийн газар 2019 оны сүүлээр 2020 оны шагналтан 1,000 гаруй хүний нэрийг зарлахдаа алдаа гаргаж, тэдгээр эрхмүүдийн шуудангийн хаягийг интернэтэд ил тавьж байжээ.

Тухайн үед поп од Элтон Жон, спортын хөтлөгч Габби Логан, гал тогооны шоуны хөтлөгч Надья Хуссайн зэрэг олны танил хүмүүс шагнал хүртэж байв.

Хувийн мэдээллээ алдсан гурван хүн Британийн засгийн газрын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан байгууллага ICO (Information Commissioner’s Office)-д гомдол гаргаж байжээ.

Гомдлын мөрөөр шалгалт явуулсан ажлын хэсэг засгийн газар буруутайг тогтоож, 500,000 фунт стерлингийн торгууль оноосон байна.

Британийн засгийн газар буруугаа хүлээж, хохирсон хүмүүсээс албан ёсоор уучлал гуйжээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр засгийн газрын хэрэг эрхлэх газар тухайн оны шагналыг хүртэхээр болсон 1,097 хүний нэрийг gov.uk вэб сайтад зарлахдаа санамсаргүй шуудангийн хаягийг нь ил гаргаж байсан гэнэ.

Нийтэд зарлах ёсгүй байсан мэдээлэл хоёр цаг, 21 минутын дараа сайтаас устгагджээ. Энэ хооронд хувийн мэдээлэлд 3,872 удаа хандсан байна.

Хувийн мэдээлэл алдагдсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн ахлагч Стив Экерсли “Шагнал хүртэх болсноо мэдсэн хүмүүс баярлахын хажуугаар хувийн мэдээллээ алдсанд бухимдаж байв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын гаргасан энэ алдаа цаашдаа илүү олон хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл байгааг харууллаа. Өнөөдөр зарласан торгууль оноох шийтгэл нь иргэдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал ямар чухал болохыг бусад бүх байгууллагуудад анхааруулсан хэрэг болж байна” гэж мэдэгджээ.

Алдаа гаргасан засгийн газрын хэрэг эрхлэх газар хохирсон хүмүүсээс дахин уучлал гуйгаад дахин ийм алдаа гаргахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлснээ мэдээлсэн байна.

“ICO-ийн дүгнэлтийг бид маш нухацтай хүлээн авч, дотоод үйл ажиллагаагаа нягтлан шалгаж, дахин ийм алдаа гаргуулахгүй байх хэд хэдэн арга хэмжээг авлаа” гэж хэрэг эрхлэх газраас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: BBC