Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Цахим яам байгуулснаар замын цагдаа гэрлэн дохио зохицуулдаггүй болох түвшинд очих ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2022 оны төсөвт хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах зардлыг тусгаад буй. Энэ талаар Ерөнхий сайдаас тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид ямар бүтцээр ажиллах нь сонин биш. Монгол Улс богино хугацаанд хөгжих нь л чухал. Тухайн цаг үед ямар бүтцээр ажиллах нь Засгийн газрын онцгой бүрэн эрх.

Хоёр яам шинээр байгуулна. Нэг нь эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцна. Өнөөдөр манайд гадаад худалдааг хариуцаж байгаа газар алга. Гадаад харилцааны яам, Сангийн яам, Шадар сайд нарын аль нь хариуцаж байгаа нь тодорхойгүй.

Боомтууд, чөлөөт бүс, КОВИД-19, наадам зохион байгуулах, мэргэжлийн хяналт, худалдан авах зэрэг асуудлууд бүгд Шадар сайдын эрхлэх хүрээнд байдаг. Эдийн засгийг хариуцаж байгаа төрийн захиргааны төв байгууллага алга.

Сангийн яам бол төсөв бүрдүүлэх сангийн бодлогоо л хариуцаж байгаа. Хөгжил төлөвлөдөг, гадна, дотнын хөрөнгө оруулагч нартай уулздаг бүтэц алга. Энэ бол бодлогын яам байна. Хоёр дахь Сангийн яам болгож болохгүй.

Хоёр дахь яам нь Цахим хөгжлийн яам. Төрийн үйлчилгээг цахимжуулаад тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байна. Газрын гэрчилгээ, жолооны үнэмлэхтэй холбоотой хүнд суртлууд гайгүй болж байгаа. Энэ ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд цахим яам байгуулах ёстой. Энэ яам байгуулагдсанаар орон тоо нэмэх бус хязгаарлана.

Цахим яам байгуулснаар замын цагдаа гэрлэн дохиог зохицуулахгүй болох түвшинд очих ёстой. Өөрөөр хэлбэл, тэр ажлыг хиймэл оюун ухаан зохицуулдаг, цаасны хэрэглээг багасгах түвшинд очих ёстой.

И Монгол академийн тухайд Эстони улсын загвараар улсын үйлдвэрийн газар байгуулж байгаа. Тус академи нь одоогийн салангид байгаа системийг огтлолцуулахад туйлын чухал юм.