Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Чинзориг: Бид 2023 он гэхэд 360 салбар дэлгүүртэй, жилийн 390 тэрбумын борлуулалттай компани болох зорилготой

ikon.mn
2021 оны 8 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ сард 3 жилийн ой нь тохиож буй Сэнтрал Экспресс Си Ви Эс компани буюу бидний сайн мэдэх CU брэндийн Гүйцэтгэх захирал Г.Чинзоригтой салбарын талаар ярилцлаа.



Премиум Групп ТУЗ-ийн гишүүн
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК
Премиум Дистрибьюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг

Худалдааны салбарт цоо шинэ соёл стандартыг нутагшуулж буй CU брэндийн мастер франчайзийг эзэмшигч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Г.Чинзоригтой ярилцлаа.

Тэрээр ШУТИС-ийг Компьютерийн шинжлэх ухааны бакалавр, University of Louisville-д Бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалсан.

Чинзориг нь хувийн болон төрийн өмчийн байгууллагуудад программ хангамжийн хөгжүүлэлт, бизнес процесс, бизнес интелиженс, мэдээллийн технологийн мастер төлөвлөлт, инженерчлэлийн чиглэлээр ажилласан туршлагатай. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын бодлого төлөвлөлтийн газрын дарга, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Эдийн засгийн бодлогын шинэчлэл ба өрсөлдөх чадварын төслийн мэдээллийн технологийн зөвлөх, Азийн хөгжлийн банкны хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төсөл, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн систем ба санхүүгийн дэд бүтцийн зөвлөхөөр ажиллаж байсан.

-Барилга, дэд бүтэцийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Премиум Групп жижиглэн худалдааны салбарт конвиниенс дэлгүүрийн бизнес рүү хөл тавьсан шалтгаан юу байсан юм бол?   

Хувь хүний хүсэл тэмүүлэл байсан болов уу. Премиум группийн үүсгэн байгуулагч А. Ганхуяг захирал 2000 оны эхэн үеэр Япон улсад томилолтоор явах үедээ 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, гудамжны өнцөг булан бүрт байрлах  үйлчилгээний өндөр соёл бүхий конвиниенс дэлгүүртэй анх  танилцаж, энэ соёл, энэ үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэхсэн гэсэн бодлоос л конвиниенсийн бизнес эхлүүлэх хүсэл, зорилго нь төрсөн гэж ярьдаг.

Азийн завгүй, хурдтай амьдралын хэв маягийг өдөр шөнөгүй ажиллах конвиниенс дэлгүүргүйгээр төсөөлөшгүй. Ийм ч учраас конвиниенс дэлгүүрийн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлвэл Монголчууд бид илүү идэвхтэй ажиллаж, чухал зүйлд цаг заваа зарцуулах амьдрах боломжоор хангагдана. Өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчид маань 60 гаруй тэрбум төгрөгийг энэ бизнест оруулаад байгаа нь ч яаж ийгээд энэ бизнесийг Монгол улсад босгоод авъя, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл тэмүүлэл нь гэж хардаг.

“Бид өөрсдөө хийж чадах байсан уу гэвэл тийм. Гэхдээ хугацаа алдах байсан.”

-Танай Сэнтрал Экспресс Си Ви Эс компани анх “Сэнтрал Экспресс” нэрийн доор Монголын анхны конвиниенс дэлгүүрийн сүлжээг эхлүүлж байсан. Өөрсдөө бүгдийг хийлгүй заавал гаднын франчайз брэнд оруулж ирэх болсон бэ?

Бид Сэнтрал Экспрессийг Канад болон Японы Севен Элевенээс (7-Eleven) ирсэн хоёр зөвлөхтэй эхлүүлж байсан. Удалгүй хүсэж байгаа бизнесийн өсөлтөд хүрэхийн тулд хоёрхон зөвлөх хангалтгүй гэдгийг ойлгоод франчайз оруулж ирэх шийдвэрт хүрсэн. Бид өөрсдөө хийж чадах байсан уу гэвэл тийм. Гэхдээ хугацаа алдах байсан. Монголчууд хурдан урагшилж байж дэлхийтэй мөр зэрэгцэн алхана. Нэг жишээ хэлэхэд бид өөрсдөдөө тохиолдож байгаа асуудлуудаа Солонгосчуудтай хуваалцахад “Яг энэ асуудалтай бид 1996 онд тулгарч байсан. Ингэж шийдсэн” гээд хариулдаг. Бид одоогоор тэднээс 10-20иод жилээр хоцорч байх шиг байна. Тэгэхээр өөрсдөө бүхнийг энд хийх гэж цаг алдахын оронд бэлэн жишээ туршлага, нөү хаугаас суралцаад хурдхан урагшлах чухал байсан.  Энэ зөвхөн Конвиниенс дэлгүүрийн бизнест ч хамаатай юм биш. Бидний хувьд аль ч салбарт ингэж ажиллаж, цаг хожиж байж өмнөө байгаа улс орнуудыг гүйцэж очно шүү дээ.

Манайхны дунд харин нэг буруу ойлголт байдаг нь франчайз бизнесийг шууд гадны компани эх оронд маань ирээд бизнес эрхлээд, олсон ашиг орлогоо гадагшаа шууд гаргаад байдаг гэж ойлгодог. Энэ бол маш ташаа ойлголт, манай компани бол 91% Монголын хөрөнгө оруулалттай, Монгол компани. Бид Монголдоо үнэ цэн бүтээж, дэлхийн бизнесийн туршлагыг суралцаж, бизнесийн хурдаа илүү нэмэгдүүлж, олон улсын туршлагаас суралцаж залуусынхаа оюунд хөрөнгө оруулж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлж байдаг.

-7-Eleven гэх зэргээр дэлхий даяар конвиниенс дэлгүүрийн олон сүлжээ бий. Та бүхэн яагаад заавал CU-г оруулж ирэх болсон бэ? 

Улс орон бүс нутаг бүрээс шалтгаалаад конвиниенс дэлгүүрийн хэв маяг ялгаатай байдаг. Жишээ нь Азийн конвиниенс дэлгүүрүүд завгүй хурдан, байнгын үйл ажиллагаатай байхад, АНУ-ын хувьд конвиниенс дэлгүүр нь шатахуун түгээх станцын дэргэдэх нэг эд хэсэг байдлаар хөгжсөн байдаг. Харин Европын хувьд гэхэд амьдралын хэв маяг нь Азитай харьцуулахад аажуу тайвуу болохоор тэрийгээ дагаад 24 цаг ажилладаггүй, ачаалал багатай байх жишээтэй.

Бид Монгол хүмүүст илүү тохирсон франчайз сонгох ёстой гэсэн шаардлага өмнө тавьсан. Азид конвиниенс дэлгүүрийн хөгжлөөрөө тэргүүлэгч нь Япон улс. Гэхдээ Японоос Солонгос Улс Монгол хүнд ойр байдаг. Солонгос бол Монголчууд хамгийн олноороо ажилладаг улс. Гадаадыг зорьсон нислэгүүдийн дийлэнх Солонгосоор дайрдаг. Инчон дээр Монгол хүн барууны үйлчилгээний стандарттай анх танилцаад цаашаа нисдэг. Тэгэхээр Солонгос соёлтой, үйлчилгээний стандарттай сүлжээг нэвтрүүлэх нь илүү хялбар нутагшина гэж тооцсон. Үнэхээр ч санаснаар болсон. Нөгөө талдаа CU брэндийн шинэ залуу, эрч хүчтэй өнгө төрх ч бидэнд маш их таалагдаж байсан.

 

CU Брэндийн Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа. 2018.08.23 өдөр Улаанбаатар хот, Шангри-ла салбар

-CU брэндийн хувьд Монгол Улс анхны гадаад дахь франчайз нь болсон гэж сонссон. Тэгэхээр Солонгосчуудын хувьд ч та бүхэн нэг шинэ кейс нь болж байгаа байх? 

Тийм. CU брэндийн хувь хэдэн жилийн өмнө Ираны зах зээлд гарсан ч АНУ Ираны эсрэг тавьсан хоригоос болоод үйл ажиллагаагаа зогсоосон юм билээ. Ингээд 3 жилийн өмнө Монгол Улсад дараахан нь Вьетнам улсад глобал франчайзаа эхлүүлсэн.

Өнөөдөр аль ч салбарт ажиллаж байгаа Солонгос хүний хувьд зорилго нь дэлхийд гарах болчихсон. CU брэнд ч ийм амбицтай. Тийм болохоор дэлхийн брэнд болох эхний алхам нь болж байгаа гэдэг утгаараа Монгол Улсын жишээнд онцгой ач холбогдол өгч байгаа.

-Монголд одоогоор хэдэн конвиниенс дэлгүүр байгаа вэ?

Одоогоор CU 137 дэлгүүртэй. Өнгөрсөн гурван жилд долоо хоног тутам нэг шинэ дэлгүүр нээж байж. Circle K, GS 25 хоёрыг оролцуулаад нийт 160 орчим конвиниенс дэлгүүр Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байгаа болов уу.

“Таван жилийн дараа гэхэд конвиниенс дэлгүүрийн тоо 1’500 хүрэх байх. Магадгүй арван жилийн дараа гэхэд үүнээс ч өснө.”

Конвиниенс дэлгүүр гэсэн үйлчилгээ Монголын зах зээлд аль үе шатан дээрээ явж байна гэж та харж байна вэ? Манай зах зээлийн багтаамж хэд бол?

Энэ үйлчилгээ дөнгөж нэвтрэлтийн үе шатандаа байна. Зах зээлийн багтаамжийн хувьд хэзээ вэ гэдгээс их зүйл хамаарна. Жишээ нь бид өнөөдрийн байдлаар зах зээлийн багтаамж 700-800 гэж тооцож байна. Таван жилийн дараа гэхэд энэ тоо 1’500 хүрэх байх. Магадгүй арван жилийн дараа гэхэд үүнээс ч өснө. Конвиниенс дэлгүүрийн хөгжил төгөлдөржсөн Азийн орнуудад нэг дэлгүүрт ногдох хүн ам 2’000 орчим байна. Тэгэхээр энэ үйлчилгээ төгөлдөржих үед манай зах зээлийн багтаамж 1’500 орчим болох болов уу гэж бодож байна. Энэ зах зээлийн хувьд үйлчилгээ хөгжихийн хэрээр багтаамж нь томорч, нэг дэлгүүрт ногдох хүн амын тоо цөөрдөг зүй тогтолтой. Өөрөөр хэлбэл багтаамж нь зогсолтгүй тэлж байдаг гэсэн үг.

Нөгөөтээгүүр дэлгүүрийн тоог дагаж зах зээлийн багтаамж нэмэгдэхээс гадна нэг дэлгүүрийн үзүүлж буй үйлчилгээний нэр төрөл олширч багтаамжаа тэлж байдаг. Жишээлбэл конвиниенс дэлгүүрийн хөгжил төгөлдөр түвшинд хүрсэн гэж болох Тайвань, Япон, Солонгос зэрэг улсуудад конвиниенс дэлгүүр нь зөвхөн дэлгүүрийн үйлчилгээнээс гадна нийтийн тээврийн карт авах цэнэглэх, галт тэрэгний тасалбар захиалах, такси дуудах гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Япон улсад орон нутгийн сонгуулийн санал авах цэг байдлаар ашиглах тохиолдол ч байдаг. Өөрөөр хэлбэл конвиниенс дэлгүүр бол зүгээр нэг өөртөө үйлчлэх дэлгүүр биш хэрэглэгчдэд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг нийгмийн дэд бүтэц юм.

Бид ч мөн нийгмийн дэд бүтэц байдлаар энэ бизнесийн хөгжлийг харж байгаа. Үүний нэг жишээ нь Голомт банктай хамтран зөвхөн CU-ийн хэрэглэгчид ашиглах эрх бүхий CU аппликейшны дээр суурилсан дижитал зээлийн картын үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон. Нэкст Электроникс компанитай хамтран өөртөө үйлчилдэг хэвлэх, хувилах үйлчилгээг мөн нэвтрүүлэх гэж байна. Энэ мэтчилэн технологи дээр суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг шат дараатайгаар нэвтрүүлж ажиллана. Үүнээс гадна бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрсөн тохиолдолд манай салбар дээр ирэх, бид хүүхдийг эцэг эхэд нь аюулгүй хүлээлгэн өгөх хүүхэд хамгааллын ажлыг санаачлан өнгөрсөн зунаас эхлэн нийт салбар дэлгүүрийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн гээд хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ ээлтэй, үнэ цэн үүсгэх ажлуудыг нэвтрүүлээд явж байна.

-Нэг хэсэг үүрэн холбооны операторуудад манай сум, нутаг усанд сүлжээ оруулаачээ гэсэн хүсэлт ирдэг байсан. Тэгвэл үүн шиг танайхыг дэд бүтцээ татаж өгөөч гэсэн хүсэлт ирдэг үү? 

Тэгэлгүй яах вэ. Хэд хэдэн салбараа бид иргэд, ААН-ын хүсэлтийн дагуу байгуулсан. Хамгийн сүүлд гэхэд шинэ нисэхээс хүсэлт хүлээж аваад байна. Япон хүн амьдралаа конвиниенс дэлгүүргүйгээр төсөөлж чаддаггүй болохоор нисэх буудал нээлтээ хийхээс өмнө конвиниенс дэлгүүртэй болсон байх ёстой гэсэн шаардлага тавьж байна лээ.

“Хүмүүсийн нүдэнд харагдаж буй нь дэлгүүр боловч дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ард нь мэдээллийн технологид суурилсан хүргэлт, түгээлтийн тогтолцоо, хоолны үйлдвэрлэл, агуулах зэрэг цогц дэд бүтэц ажиллаж байдаг.”

-Ингээд харвал бусад улс орнуудын жижиглэн худалдааны салбарт конвиниенс дэлгүүрийн модель давамгайлдаг бололтой. Тэгвэл конвиниенс дэлгүүр гэсэн бизнесийн энэ загвар ингэж амжилттай ажиллах шалтгаан нь юунд байна вэ?

Конвиниенс дэлгүүрийн тархалтыг хүмүүсийн амьдралд гарч буй нийгэм соёлын өөрчлөлтөөр холбон тайлбарладаг. Түүхийг нь харвал 1973 онд Япон улсад орчин үеийн конвиниенс дэлгүүрүүд бий болжээ. Техник технологийн хөгжлийг дагаад Япончуудын амьдрал улам бүр завгүй хурдтай өнгөрөх болсон байна. Ингээд хүмүүс тэр бүр хүнс цуглуулж, гэртээ хоол хийж идэх нь багасаж, нөгөө талдаа залуус ганцаараа амьдрах хэв маяг нэмэгдсэнээр супермаркет, хайпермаркетаас их хэмжээгээр хүнс цуглуулах явдал ч багассан байна. Тэгэхээр тухайн хүнд хэрэгцээтэй бараа үйлчилгээг нэг доор нэгтгэсэн хаанаас ч олж болох, хэзээ ямагт онгорхой байдаг дэлгүүрүүд шаардлагатай болсон нь конвиниенс дэлгүүр нь цогц тогтолцоо байсан юм. Хүмүүсийн нүдэнд харагдаж буй нь дэлгүүр боловч дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ард нь мэдээллийн технологид суурилсан хүргэлт, түгээлтийн тогтолцоо, хоолны үйлдвэрлэл, агуулах зэрэг цогц дэд бүтэц ажиллаж байдаг.

 

-Анх танай дэлгүүр нээгдэж байх үед 3 жилийн дотор гэхэд конвиниенс дэлгүүр Монголд ингэж амжилттай нутагшина гэж би хувьдаа төсөөлж байгаагүй. Харин та бүгдийн 3 жилийн өмнөх төсөөлөл, төлөвлөгөөтэй өнөөдрийн амжилт тань хэр зэрэг нийцэж байна вэ?

Энэ бол бидний өнөөдрийн хүрсэн л түвшин. Амжилт биш. Амжилт бол цаана биднийг хүлээж байгаа гэж боддог. Харин төсөөллийн хувьд бид нар 3 жилийн өмнө их өөдрөг байсан. Тийм ч учраас төлөвлөгөөгөө өндрөөр тавьж байсан. Энэ төлөвлөгөөндөө бол арай хүрээгүй. Үйл ажиллагааны өсөлт бидний төлөвлөж байсан шиг өндөр байгаагүй нь бидний буруугаас гэхээсээ тааварлашгүй хүчин зүйлсээс болсон. Өнгөрсөн хоёр жил шахам хугацаанд Засгийн газрын цар тахлын эсрэг гаргасан шийдвэрүүд олон бизнест муугаар нөлөөлсөн. Үүний тоонд манайх ч багтана. Ганцхан жишээ хэлэхэд өнгөрсөн өвөл дэлгүүр 19 цаг хүртэл ажиллаж байсан. Үнэнийг хэлэхэд энэ шийдвэрээс болоод дэлгүүр хаахын өмнөх хугацаанд үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсэж, харин ч халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж байлаа. Өнөөдөр гэхэд ресторан зоогийн газар 24 цаг хүртэл маскгүйгээр иргэдэд үйлчилж байхад дэлгүүрүүд 22 цаг хүртэл л ажиллаж байгаа нь оновчтой шийдвэр гэж би боддоггүй.

“Бид нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж, хариу арга хэмжээ авсны үндсэн дээр энэ хямралыг амжилттай давж гарсан.”

-Ковид19 цар тахал дэлхий даяар эдийн засаг бизнест нөлөөлж байна. Танай конвиниенс дэлгүүрийн зах зээлд хэрхэн нөлөө үзүүлэв?

Конвиниенс дэлгүүр бол иргэдийг идэвхтэй амьдрах боломжоор хангадаг. Гэтэл амьдралын идэвх буураад, хүмүүс гэртээ бүгээд эхлэх нь конвиниенс дэлгүүрийн бизнест сөргөөр нөлөөлөх нь зайлшгүй. Бид нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж, хариу арга хэмжээ авсны үндсэн дээр энэ хямралыг амжилттай давж гарсан. Жишээлбэл, бид 2020 оны хавар өвчин ид дэлхий даяар тархаж байх үед шинэ нөхцөл байдалд дасан зохицох талаар хуралдаад хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, шинэ үйлчилгээг хурдтай нэвтрүүлсэн. Өнөөдөр манай нийт борлуулалтын 5 орчим хувь нь хүргэлтээр хийгдэж байна. Гэхдээ ахиад хэлэхэд вирусээс илүүтэй Засгийн газрын муу удирдлага эдийн засаг, бизнест муу нөлөө үзүүлсэн, үзүүлсээр ч байна.

 

-Ковид19 цар тахлын үеэр онлайн худалдааны хөгжил улам хурдассан. Цаашид онлайн худалдаа бодит дэлгүүрүүдийг зах зээлээс арчина гэсэн таамаг байдаг. Энэ өөрчлөлт конвиниенс дэлгүүрүүдэд хэрхэн нөлөөлөх бол?

Энэ өөрчлөлтөд хамгийн түрүүнд том их дэлгүүрүүд өртөнө. Миний бодлоор одоо Улаанбаатарт ахиад том их дэлгүүрийн орон зай үлдээгүй. Дараагийн ээлжид хайпермаркет буюу хүнсний бараа ба хүний өргөн хэрэгцээний барааг нэгтгэсэн дэлгүүрийн загварууд өртөнө. Манай зарим хайпермаркет өөрсдийн онлайн дэлгүүрийг нээсэн байна лээ. Өөрийг чинь устгах тэр зүйлийг өөрийн болго гэсэн зарчмаар энэ нь ч зөв. Харин энэ өөрчлөлтөд өртөхгүй загвар нь конвиниенс дэлгүүр байх болно. Хэн ч өл дарах нэг сэндвич авах эсвэл цангаагаа тайлах уух юм авахын тулд онлайн худалдааг сонгохгүй.

“Конвиниенс дэлгүүрийн бизнес загвараар компани хоол, хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн сүлжээ, агуулах гэсэн гурван гол дэд бүтэц дээрээ анхаарлаа төвлөрүүлээд салбар дэлгүүрүүдээ франчайз байдлаар бусдад эзэмшүүлэх замаар ажилладаг.”

-Танай бизнес загварын нэг хэсэг нь франчайз хөтөлбөр буюу байгуулсан дэлгүүрүүдээ цаашид иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх үйл явц. Одоогоор хэдэн дэлгүүр франчайзаар ажиллаж байгаа вэ?

Манай 137 салбараас 23 нь франчайзаар ажиллаж байна.

-Цаашид энэ тоо өсөх үү?

Мэдээж хэрэг өснө. Одоогийн нөөц бололцоогоороо бид 200 орчим дэлгүүрийг амжилттай удирдах боломжтой гэж тооцоолж байгаа. Тэгэхээр салбар дэлгүүрийн тоо 300 болох үед доор хаяж 100 франчайз дэлгүүртэй болсон байна. Гэхдээ бид үүнд яарахгүй гэсэн зарчимтай. Учир нь нэг франчайз эзэмшигчтэйгээ урт хугацаанд хамтарч ажилладаг. Тэгэхээр франчайз эзэмшигчтэй хүн хоорондын харилцаа тогтоож байж амжилтад хүрнэ. Ийм харилцаа тогтоох нь хугацаа шаарддаг.

Конвиниенс дэлгүүрийн бизнес загвараар компани хоол, хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн сүлжээ, агуулах гэсэн гурван гол дэд бүтэц дээрээ анхаарлаа төвлөрүүлээд салбар дэлгүүрүүдээ франчайз байдлаар бусдад эзэмшүүлэх замаар ажилладаг юм билээ. Өөрөөр хэлбэл бид үйлчлүүлэгчид илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх боломжоор хангах дэд бүтцийг нь байгуулж өгөөд түүнийхээ хэвийн үйл ажиллагаагаар хангана, харин салбар дэлгүүрүүдийг франчайз байдлаар иргэдэд эзэмшүүлнэ гэсэн үг. Зарим хүмүүс манайхыг жижиг дэлгүүрүүдийг зах зээлээс шахах гэж байна ярьдаг. Харин эсэргээрээ бид жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү ашиг олох, олон улсын ноу хаунаас суралцах, дэлхийн том брэндийн бизнэсийг өөрөө эрхлэх боломжийг  олгодог.

“Ойрын хоёр жилийн хугацаанд 360 салбар дэлгүүртэй, 390 тэрбум төгрөгийн борлуулалттай сүлжээ дэлгүүр болох төлөвлөгөөтэй байгаа”

-CU өнөөдөр гурван жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэгвэл ойрын хугацаанд ямар зорилго тавиад байна вэ?

Өнөөдөр манай сүлжээ 137 дэлгүүртэй ажиллаж байна. Энэ оны эцэс гэхэд борлуулалтын орлогоо 100 тэрбум төгрөгт дөхөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ойрын хоёр жилийн хугацаанд 360 салбар дэлгүүртэй, 390 тэрбум төгрөгийн борлуулалттай сүлжээ дэлгүүр болох төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр нийслэл хотын завгүй амьдралын хэв маягтай иргэдийн өдөр тутмын амьдралыг улам бүр хялбарчлан үнэт цагийг хэмнэн хэрэгцээ шаардлагад илүү их нийцэн ажиллана гэж харж байна. Салбарын тоо нэмэгдэхийн хэрээр ажлын байрны тоо, хангамж өсөж иргэд ажилтай тогтмол орлоготой байх боломж бүрдэнэ.

-Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.