Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнхбаатар: “Хүүхдийн автобус” гэдэг худалдан авалт төдий биш ардаа асар том хариуцлагатай ажил

ikon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
 

“Моннис Моторс” ХХК-ийн захирал Г.Мөнхбаатартай ярилцлаа.

- Нийслэлийн захиргаанаас хэрэгжүүлэхээр болоод байгаа “Хүүхдийн автобус” төсөлтэй холбоотой шүүмжлэлд танай компани нэр холбогдсон. Тодруулбал, тендерт шалгарсны дагуу автобус нийлүүлэхээр болсон асуудлыг, тэр дундаа автобусны үнэ өртөгтэй холбоотой шүүмжлэл шууд танайхыг чиглэж байна. 

- Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр нэр бүхий хүмүүс орон нутгийн сонгуулийн үеэр өөрсдийн үзэл бодол бүхий мэдээллийг түгээхдээ нийслэлийн төсвийн мөнгөөр “Хүүхдийн автобус” нэрээр “Алибаба” дээр хямд үнэтэй байгаа автобусыг өндөр үнээр нийлүүлэх гэж байна гэдэг ташаа ойлголтыг бий болгосон л доо. Төр, захиргааны шийдвэр, төсөв мөнгөний зарцуулалтыг хянах, үзэл бодлоо илэрхийлэх нь зөв зүйтэй ч нөгөө талдаа бүх зүйл булхай, луйвар байдаг гэж бодвол эндүүрэл юм. Тэр тусмаа хүүхдийн автобус гэдэг концепцыг улстөржүүлж, цаашлаад бизнес болгож огт болохгүй. Үнэндээ 30 жилийн хугацаанд нийслэлээс анх удаа хүүхдэд зориулсан үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан нь энэ.

Хотын захын дүүрэг, хороодын айлууд 3-5 километр газар хүйтэнд хүүхдээ хөтөлж явж сургуульд нь хүргэж байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг, дээрээс нь нийтийн тээвэр хангалттай хөгжөөгүй, нийгмийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ийм аюултай хотод төсвийн хөрөнгө оруулалтаар асуудлыг шийдвэрлэх л ёстой. Хувийн хэвшил дангаараа хариуцаад бизнес болгоод аваад явах боломжгүй нийтийн эрх ашгийн төлөөх паблик үйлчилгээг аль ч улс оронд төр нь, төсөв нь хариуцдаг. Тийм учраас хүүхдийн автобус явуулья, тендерээр худалдаж авья гэдэг шийдвэрийг нийслэлээс гаргасан. Тэр тендерт ирүүлсэн хамгийн боломжийн санал нь гэж үзсэн учраас “Моннис Моторс” компанийг холбогдох хүмүүс нь сонгон шалгаруулсан хэрэг биз ээ.

Бид нийт гурван жилийн хугацаанд хүүхдийн тээврийн зориулалттай 200 автобусыг тендерийн хүрээнд нийлүүлэх юм. Эдгээр автобусыг бид “Донг Фенг Моторс” үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэйгээр Ниссан корпорац, Донг Фенг Моторс-ын хамтарсан үйлдвэрт нь тусгай захиалгын дагуу хийлгэж нийлүүлнэ. Түүнээс “Алибаба” дээр зараар тавигдсан автобусыг авчирч дамлах тухай яриа огт байхгүй. Хүүхдийн гэсэн зүйлээр улс төр хийх, бизнес хийх тухай санаад ч хэрэггүй.

- Шууд үйлдвэрлэгчээс нь нийлүүлнэ гэсэн үг үү? 

- Үйлдвэрлэгч компанийн зүгээс албан ёсны борлуулагчаар дамжуулан захиалга авдаг гэдгээ мэдэгдсэн. Үүнийг нь бид хэвлэлээр уламжлан олон нийтэд хүргэсэн. “Алибаба” сайт дээрээс бид бичгийн цаас авч болно. Аяга, таваг авч болно. Автомашин гэдэг нь ардаа хүний амь нас, аюулгүйн баталгааг тээж байдаг онцгой хэрэглээ учраас үйлдвэрлэгчид хэзээ ч тийм борлуулалт хийдэггүй.

“Хүүхдийн автобус” гэдгийг зөвхөн худалдан авалтаар төсөөлөөд байна. Гэтэл үүний цаана баталгаа гаргах, засвар үйлчилгээг нь хийх, сэлбэгийн нөөцийг бүрдүүлэх, үйлдвэрлэгчтэй нь харилцах гээд маш олон дэд бүтцүүд дагалддаг зүйл юм. Тэр бүхнийг гүйцэтгэх хариуцлага, чадавх, нөөц бололцоог нь харгалзан үзсэний үндсэн дээр тендерийн шалгаруулалтыг явуулсан.

 

Манай компанийн зүгээс өөрсдийн нийлүүлсэн автобусны үйлдвэрийн баталгааг гурван жил хариуцах нөхцөлтэй. Засвар үйлчилгээг албан ёсоор гэрээ байгуулж хариуцан ажиллана. Автобусуудыг 10 жил ашиглах боломжтой. Энэ хугацаанд засвар үйлчилгээ, оношилгоо, үзлэгийг хариуцан ажиллах 10 механик инженерийг тусгайлан бэлтгэсэн. Тэд тус бүртээ дороо засварчин, механикуудыг дагалдан сургаж, цаашдаа бүх үйлчилгээг нь хариуцаж явна. Цалинг нь манай компаниас гаргана. Бүхэлдээ энэ бол нийгмийн төсөл юм. Үүнийг бид өөрсдийн нийгмийн хариуцлагаа гэж ухамсарлаж байгаа. Түүнээс бизнес болгож ашиг харсан зүйл биш. Үнэ өртгийн талаар хэлэхэд шүүмжлэл дэвшүүлсэн хүмүүсийн хэлээд байгаа үнийн дүн үнэндээ 100 сая төгрөгөөр хэтрүүлэн даваадуулж хэлсэн дэгс тоо байна лээ. 

Мөн нэг залруулга хэлэхэд дэлхийн томоохон брендүүд Ниссан, Рено, Бенз, Тоёото компаниуд машинаа “Алибаба” дээр хэзээ ч зардаггүй. Үнэ ханшийн болон брэндийн талаарх ерөнхий эсвэл ойролцоо мэдээлэл тавигдсан байж болно. Санаагаар болдог бол “Алибаба”-д пуужин ч зарах амбици бий байх аа.

- “Хүүхдийн автобус”-ыг өнгөрсөн жилээс нийтийн тээвэрт явуулж эхэлсэн. Одоо бол тэдгээр автобусыг сольж, парк шинэчлэх гэж байгаа гэж ойлгож байна. Үйлчилгээнд явж байгаа автобуснаас шинэ нь юугаараа онцлог вэ?

- “Хүүхдийн автобус” гэдэг бичигтэй үйлчилгээнд явж эхэлсэн тэдгээр автобус үйлчилгээний хувьд хүүхдэд зориулагдсан хэдий ч автобус нь ердийн тээврийн хэрэгсэл юм. Манайхан хүүхдийн автобусны аюулгүй байдлыг хангаагүй. Бэлэн байгаа автобусан дээр тэмдэглэгээ хийгээд үүнийгээ болж байна гэж бодож болохгүй. Гэтэл хүүхдийн автобус гэдэг нь дэлхийн стандартаар маш чухал ойлголт.

Хүүхдийн автобусны гол концепц нь ердөө аюулгүй байдал. Бид яг энэ концепцийг баримталж, олон улсын стандартад нийцсэн автобусуудыг нийлүүлэх нь гол зорилго болохоос дамын наймаа биш ээ гэдгийг хэлэхийг хүсэж байна. Хүүхдийн автобусны будаг л гэхэд харанхуйд гэрэл цацруулагчтай байдаг. Мөн өндөр, маш сайн төмрөөр хийгдсэн хамгаалалттай байдаг. Хүүхдийн автобус насны онцлогоос хамааран A, B, C, D ангилалтай. Бидний оруулж ирэх автобус бол С ангиллын буюу 56 том хүний суудалтай автобус юм.

- Стандарт гэдэг маш чухал ойлголт. Харин тэрхүү стандартыг үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүндээ шингээж чадах, баталгаатай, найдвартай үйлдвэрлэгч мөн шүү гэдгийг батламжилдаг стандарт ч тусдаа байдаг. Үүнийг ажлын байрны стандарт ч гэж хэлдэг. Тэгэхээр найдвартай, стандарт бүхий үйлдвэрлэгчийн баталгааг та бүхэн чухалчилж байгаа юм байна гэж ойлголоо?

- Хүмүүс олон улсын стандарт гэдгийг ярьдаг. Тэгвэл энэ стандартыг баталгаатай үйлдвэрлэдэг ажлын байр гэдэг тусдаа. Хүүхдийн автобус бол сэлбэг оруулж ирээд угсрах ажил биш. Угсарч болох л байх. Монгол инженерүүд чадах ч байх. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хүн тээвэрлэх гэж байгаа ямарваа тээврийн хэрэгсэл, машин ч бай, мотоцикль, дугуй ч бай ялгаагүй аюулгүйн туршилтууд хийгдсэн байх ёстой байдаг. Тийм туршилт хийсэн ч түүнд бас л олон улсын стандарт гэж бий. Тийм туршилтгүй, олон жилийн хэрэглээгээр туршигдаж батлагдаагүй тээврийн хэрэгслээр хүүхэд зөөх нь хэтэрхий аюултай. Наад зах нь цахилгаан автобусаар хүүхэд тээвэрлэж болохгүй. Яагаад гэхээр цахилгааны бүх монтаж дороо байрладаг учраас бартаатай замд газарт цохигдох, хүчтэй мөргөх зэрэг нөхцөлд амархан эвдрэл үүсдэг, энэ нь галын эрсдэлтэй. Нэг дор 56 айлын хүүхдийг суулгаж тээвэрлэж байгаа бол аюулгүй байдлынх баталгааг юун түрүүнд гаргаж өгөх ёстой гэдгийг л бид зорьсон. 

- Үйлдвэрлэгч талд захиалга өгөхдөө Монголын нөхцөл, стандартад нийцүүлэн зарим нэмэлт, өөрчлөлтийг автобусандаа суулгаж байгаа гэж Та бүхэн мэдэгдэлдээ дурсан байсан. Энэ нь юу гэсэн үг вэ?

 

- Монголын цаг уур, хот төлөвлөлт, амьдралын зохион байгуулалт, нийтээр мөрддөг стандарт гээд олон зүйл дэлхийн стандартаас арай өөр юм. Тэгэхээр тэр бүхэндээ нийцүүлсэн, бэрхшээлийг шийдвэрлэсэн шийдлүүдийг үйлдвэрлэгч талд захиалсан. Тухайлбал, Монгол Улсын цаг уурын нөхцөл, түлшний стандарттай уялдуулан Евро 3 зэрэглэлийн хөдөлгүүр, сайжруулсан хурдны хайрцаг, нэмэлт дулаалга, бэхэлгээ, аюулгүй байдлыг хангасан видео камер гэх мэт техникийн сайжруулалт, стандартад нийцүүлэх өөрчлөлт, мөн дизайны сайжруулалт зэрэг нийт 29 төрлийн нэмэлт тоноглол, техникийн өөрчлөлтүүдийг оруулан үйлдвэрлэсэн.

Үндсэн стандарт нь евро 5 шатахуунд зориулагдсан байдаг бол манай нөхцөлд үүнээс өөрчлөхөөс аргагүй. Яагаад гэвэл эхний шатахуун цэнэглэлтээр нь стандарт зөрөөд доголдол үүсээд эхэлнэ шүү дээ. 

-Үнийн хувьд ямар үнээр нийлүүлж байгааг тодруулж болох уу. Үнэтэй гэдэг мэдээлэл нэгэнт явсан учраас тодруулах нь зөв байх?

- Гэрээнд хуулийн дагуу төлбөрийг төгрөгөөр хийхээр тусгасан. Нэг автобусны тээвэр, баталгаат засвар үйлчилгээ, санхүүжилтийн зардал шингэсэн үнэ 270 сая төгрөг. Энэ үнийг бид гурван жил мөрдөх үүрэг хүлээсэн. Банкны баталгаа, ханшийн зөрүү, дундын санхүүжилт гэх зэргийг тооцоход санхүүжилтийн зардал нийт зардлын 7-8 хувийг эзэлж байгаа. “Моннис Моторс” компанийн шалгарсан тендерийн үнийн асуудлыг хөндөх нь байж болох асуудал ч гэлээ шүүмжлэгчдийн хэлээд байгаачлаан дотооддоо угсарч нийлүүлээд өгч болох байсан гэдэг санаа тоглоом биш. Үнэ өртгийн хувьд Хотын Засаг дарга асан С.Амарсайхан тайлбар өгөх үеэрээ “дотоодод угсарсан автобус нэг тэрбум төгрөгийн өртөгтэй байсан” гэж хэлсэн шүү дээ. 

Энэ бол худалдан авалт төдий асуудал биш гэдгийг би дахиад тодотгомоор байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгөөр түргэний машинаас эхлээд хогны машин хүртэл маш их хөрөнгө мөнгөөр худалдан авалт хийсэн. Эхний гурван жил ашиглаад л цааш нь сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг нь хариуцах эзэнгүй, үйлдвэрлэгчтэй нь холбогдох боломжгүй тэгээд л үндсэндээ элэгдэл хорогдол болоод дуусдаг жишиг тогтсон.

Хориод жилийн өмнө бол хогны машинууд нь оройдоо элс хайрганд яваад эвдрээд дуусдаг л байсан, одоо өөрчлөгдсөн байх гэж найдаж байна.

 

Тэгвэл нийслэлийн хэрэгжүүлж буй “Хүүхдийн автобус” төслийн техникийн засвар үйлчилгээг бид 3 жил хариуцах юм. Мөн энэ удаад тендерээр нийлүүлж буй 200 автобусыг гурван жилийн хугацаанд тодорхой тоо ширхгээр яг нэг ижил үнээр нийлүүлнэ. Энэ мэт нөхцөл, давуу талуудыг маань харгалзан үзэж тендерийг шалгаруулсан гэж бодож байна. 

Нөгөө талд “Донг Фенг Моторс - Ниссан” хамтарсан компани худалдан авагч талд зуучилж байгаа албан ёсны борлуулагчаа маш өндөр шалгуураар сонгодог. Үйлдвэрлэгчийн нэр хүндийн баталгааг өмнөөс нь гаргаж чадах компанийг сонгодог. Бидэнд зах зээлд 20 жилийн турш үйл ажиллагаа явуулсан туршлага, итгэлцэл байгаа учраас аль аль талтай хамтран ажиллах нөөц, чадвар байна гэж үзэж тендерт оролцсон. Гэхдээ хамгийн гол үзэл санаа маань хүүхдийн аюулгүй байдлын төлөө гэдэг нийгмийн хариуцлага юм.

-Хүүхдийн аюулгүй байдал гэдэг зүйл Монголд бараг алга. Үүнийг бий болгоход хувь нэмрээ оруулахаар шийдсэн бол зөвхөн 200 автобусаар энэ ажлаа дуусгахгүй гэж ойлголоо?

- Ардчилалд шилжсэнээс хойш манайд хамгийн зэрлэг, хаягдсан зүйл гэвэл хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрхийн баталгаа. АНУ, барууны хөгжингүй орнууд яг л манай өнөөдрийнх шиг хүнд хэцүү үеийг туулсны дараа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар зоригтой шийдвэрүүд гаргаж эхэлсэн байдаг юм билээ.   Өнөөдөр хүүхдүүд асран хамгаалагч, аав, ээжийнхээ гарт амь үрэгддэг ийм л нийгэм, орчинд монгол хүүхдүүд өсч байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг дорвитой хийгээгүй. Яагаад гэвэл тэд сонгуульд санал өгдөггүй болохоор. Тэдний төлөө хүний эрхийн хуульчид, хамгаалагчид, улстөрчид дуугардаг ч бодитой шийдэлд хүрэхгүй явсаар өнөөдрийг хүрсэнд эмзэглэдэг. Амь нас, эрүүл мэнд, хоол хүнс, эмнэлэг,  сургууль, цэцэрлэг баталгаатай, эрсдэлгүй орчин, нийгмийг байгуулахын төлөө “би, чи” гэж хоорондоо тэмцэлдэхгүйгээр хамтран ажиллах хэрэгтэй гэж би боддог. Өөр өөрсдийн чадах зүйлээ яг одоо хийж эхэлмээр байна.

Бидний зүгээс бүх л сургуулиуд өөрсдийн үйлчилгээндээ аюулгүйн баталгаа, стандарт бүхий зориулалтын автобусыг нэвтрүүлж, хэрэглээгээ өөрчлөөсэй гэж уриалмаар байна. Бид тийм баталгааг нь өгч чадвал эцэг, эхчүүд хүүхдүүдээ өдөр бүр өөрсдөө зөөхөө болино.

Өнөөдөр хот хэтэрхий аюултай, ямар ч баталгаа байхгүй учраас л хувийн машинаар хүүхдүүдээ зөөж, хотын түгжрэлийн 20 гаруй хувийг үүсгэж байгаа юм.

Мөн машин унаагүй нь хүйтэнд хөлдүү зам дээр хүүхдээ хөтлөөд олон километр газарт алхаж байна. Бидний нийлүүлж буй автобусыг захын дүүрэг, хороодын сургуулиуд шууд өөрсдөө хариуцаж ажиллах юм билээ. Өөрөөр хэлбэл, сургуулиуд өөрсдөө маршрутаа гаргаж хүүхдүүдээ зөөнө гэсэн үг. Хүүхдүүд нэг автобусаар хамтдаа зорчиж эхэлснээр илүү нийгэмших, нөхөрлөх боломжтой болно. Мөн амьжиргааны түвшний ялгаатай байдлыг хүүхэд мэдрэхгүй өсөх ёстой. Хүргүүлж ирсэн машиныхаа үнээр ялгардаг байх ёсгүй.  Тийм ялгаа хүүхдийн тээвэр, сургууль дээр бий болох ёсгүй. Энэ соёл, хандлагад эцэг эхчүүд ч бас суралцаж, сургуулийн автобусанд найддаг болоосой гэж хүсэж байна. Тийм учраас бид өөрсдийн гар бие оролцож буй ажилдаа баярлаж байгаа.

Бид энэ удаад хүүхдийг аюулгүй тээвэрлэх стандартыг давхар оруулж ирэхийг зорьж байна. Дараагийн ээлжинд олон стандарт шаардлагатай. Наад зах нь Хүүхдийн автобус зогсоод хүүхэд буулгаж байгаа үед хажуугаар нь машин зөрж өнгөрөхийг хориглосон байдаг. Хүүхэд машин зам гарч байгаад осолд өртөх гэсэн ойлголт хөгжингүй орнуудад бараг үгүй. Яагаад гэхээр хүүхэд зам гарна гэсэн ойлголт байдаггүй. Авто зам нь асар өндөр хаалт, хязгаарлалттай байдаг учраас. Энэчлэн бид хэрэглээндээ хүүхэд хамгааллын олон шинэ стандартыг нэвтрүүлэх цаг болсон. 

 

Ярилцсан З.Боргилмаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.