Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд эх хэлний суурийг нь яагаад сайн тавьж өгөх ёстой вэ?

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хүүхдүүд бага байх тусмаа хоёрдогч хэлийг гайхмаар амархан сурдаг. Хос хэлтэй байх нь хүүхдийн хэлний болон боловсролын хөгжилд эерэг нөлөөтэй. Хос хэлтэй хүүхдүүд хоёр өөр хэлээр мэдээллийг боловсруулж, илүү уян хатан сэтгэх чадвартай байдаг гэгчлэн олон давуу талтайг судлаачид онцолдог. 

Тиймээс хос хэлтэй хүүхдүүдэд хувь хүний хөгжил болон боловсролд эх хэл маш чухал гэдэг нь тодорхой. Гэхдээ үүнээс илүү нарийн зүйлсийг анхаарах шаардлагатай талаар  2000 онд хийсэн хэдий ч үзэл санаа нь өнөөг хүртэл хуучраагүй, Торонтогийн их сургуулийн судлаач Жим Камминсын ахалсан Хоёр хэлээр ярьдаг хүүхдийн эх хэл яагаад чухал болох тухай судалгаанд дүгнэсэн байна. 

Сургууль нь эх хэлийг үр дүнтэй зааж, хүүхэд тухайн хэлээр бичиг үсэг тайлагдвал хоёр хэлээр ярьдаг хүүхдүүд сургуульдаа илүү сайн сурдаг. Гэвч эсрэгээрээ, хүүхдийн эх хэлийг орхигдуулж, хэлнийх нь хөгжлийг зогсооход хүүхдүүдийн сурах хувийн болон үзэл баримтлалын үндэс алдагдаж байгааг уг судалгаагаар гаргаж тавьжээ. 

Судалгааг товчлон хүргэе. 

Хүүхдийн эх хэл нь сургуулийн эхний шатанд буюу бага ангид маш эмзэг, тогтворгүй бөгөөд амархан мартагдах боломжтой байдаг. Хүүхдүүд бага байхдаа, бага ангидаа хоёр ба олон хэлээр ярих чадварыг маш хурдан эзэмшдэг нь томчуудыг гайхашруулдаг. Харин үүний нөгөө талд хүүхдүүд эх хэлээ ашиглах чадвараа хэр хурдан алдаж болохыг сурган хүмүүжүүлэгчид мэддэггүй. Сургуулиас гадуур олон нийтийн дунд эх хэлийг өргөн хэрэглэдэг бол бага насны хүүхдүүдийн хэлээ мартаж гээх явдал бага байх болно. Харин тухайн хэлний хэрэглээ тодорхой газар нутагт төвлөрөөгүй эсвэл хязгаарлагдмал байх  тохиолдолд хүүхдүүд сургуульд орсноос хойш 2-3 жилийн дотор эх хэлээрээ харилцах чадвараа алдаж болзошгүй юм.

Тэд хэлний хүлээн авах буюу ойлгох чадвараа хадгалж үлдэх боловч үе тэнгийнхэн, ах эгч нартайгаа ярих, эцэг эхдээ хариу өгөхдөө сургуульд нь заадаг ба тухайн нийгэмд өргөнөөр харилцдаг хэлийг ашиглах болно. Улмаар хүүхдүүд өсвөр насанд очиход эцэг эх, хүүхдүүдийн хоорондын хэлний ялгаатай байдал нь тэдний харилцаа, сэтгэл хөдлөлийн ангал болж хувирдаг.  

Тиймээс эх хэлний чадвараа алдах хүрээг бууруулахын тулд эцэг эхчүүд гэртээ эх хэлээрээ ярих чухал бодлого баримталснаар хүүхдүүддээ асар их боломж олгодог. Багш нар ч мөн хүүхдүүдэд эх хэлээ хадгалан хөгжүүлэхэд нь туслах санаачилгыг ангидаа  эхлүүлж болно. 

Харин хүүхдийн эх хэлийг үл хайхарвал тэр нь тухайн хүүхдийг үл хайхарч буй хэрэг юм. Хэрэв сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдэд “Хэл, соёлоо сургуулийн үүдний гадна үлдээгээрэй” гэсэн далд эсвэл тодорхой мессежийг өгвөл хүүхдүүд өөрийг нь хэн болохыг тодорхойлох, өөрийгөө таних шинж чанараа сургуулийнхаа гадна “үлдээдэг”. 

Хүүхдүүд энэхүү бэрхшээлтэй тулгарахаараа танхимын сургалтад анхааралтай, идэвхтэй оролцох хүсэл нь буурдаг. Гэр бүл дэх хүүхдүүдийн соёл, хэл шинжлэлийн туршлага нь тэдний ирээдүйн сургалтын үндэс суурь бөгөөд тэрхүү үндэс суурийг нь бүдгэрүүлэх бус, хөгжүүлэх ёстой гэжээ. 

Судалгаатай ЭНД дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.