ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цогбадрах: Өнөөдөр Ховд аймгийн Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар автозамын нөхцөл байдал болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Хурлын бичлэг:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/287205909227002/

Баяр наадмын амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас танилцуулав.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн ослын улмаас 25 хүний амь нас хохирсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 198 жолоочийг илрүүлж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийллээ. Мөн хотоос гармагцаа хурд хэтрүүлдэг нь жолооч, зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирох шалтгаан болж байна" гэв.

"Говь-Алтайн Эрдэнэ суманд илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээ сорьц нийслэлд ирсэн. Шинжилж байна"

Тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах "Долдугаар сард улсын хэмжээнд тарваган тахлын хүний өвчлөл гарч, амь нас эрсдсэн тохиолдол гарсан. Тодруулбал, Ховд аймагт хоёр тохиолдол гарсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд сэжигтэй тохиолдол гарсан. Шинжилгээний сорьц өнөөдөр 10:20 цагт нийслэлд ирсэн. Одоо шинжилгээ үргэлжилж байна. Энэ тохиолдлын хувьд бэр гуйх ёслолд оролцсон хүмүүсийг тухайн айл нь тарваганы махаар дайлсан байсан. 

Өнөөдөр Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Уг сэжигтэй тохиолдол нь 6 настай хүүхэд бөгөөд буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарч, өндөр халуурсан гэсэн өгүүлэмжтэй" гэлээ.

Нийслэлд сэжигтэй тохиолдол, түүхий эдээр дамжин халдвар орж ирвэл хүн амын дунд хурдан хугацаанд тарах магадлалтай. Тарваган тахал бол олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг, нас баралтын түвшин өндөртэй өвчин юм. 

Хурлын төгсгөлд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан аялж, зугаалахаар орон нутгийг зорьж буй иргэд, жолооч нарыг аюулгүй байдлаа сайтар хангаж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг уриаллаа. Түүнчлэн тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэхээр хяналт шалгалтыг чангатгахыг холбогдох албаныханд үүрэг болгов.