"Говь-Алтайд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлуудыг Баянхонгорт тусгаарласан"
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдаад байгаа.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Аавынхаа агнаж ирсэн тарваганы махыг идсэн хүүхэд идсэнээсээ хойш хоёр хоногийн дараа хоолой өвдөж, халуурсан зовуурьтай сумынхаа эмнэлэгт очсон.
Тиймээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзээд аймгийн зоонозын баг голомтод нь очиж ажиллаад эхний хавьтлуудыг тусгаарласан. Эрдэнэтээс тухайн айлд очсон хүмүүс хавьтал болсон, тарваганы мах идсэн учраас Баянхонгор аймагт тусгаарлаад байна" гэв.
Орон нутагт хийсэн эхний шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн бөгөөд өнөөдөр 11 цагт сорьц ЗӨСҮТ-д хүргэгдэн иржээ. Сорьцод PCR шинжилгээ хийгээд эцсийн оношийг албан ёсоор мэдээлнэ гэдгийг Д.Нарангэрэл дарга хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
