Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Япон улс онц байдлаа үндэсний хэмжээнд цуцлах шийдвэрийг өчигдөр гаргажээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд батлагдсан халдварын тоогоор АНУ, Бразил, ОХУ тэргүүлж байна.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр тус улсад тавдугаар сарын 25-ны өдөр 15 мянга гаруй шинэ халдвар, 620 нас баралт бүртгэгджээ.

Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,600 гаруй шинэ халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 374 мянгад хүрчээ.

Мөн өчигдөр тус улсад шинээр 807 нас баралт бүртгэгдсэн нь АНУ-ын нэг өдрийн нас баралтын тоог давсан байна.

Африк тивийн улсууд

Өмнөд Америк тивийн Перу болон Чили улсад халдварын тархалт өндөр хэвээрээ байна.

Африкийн Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр Даваа гарагийн байдлаар тус тивийн 54 улсад нийт 111 мянга орчим хүн халдвар аваад байгаа аж.

Халдвар авсан хүнээс 44 мянга гаруй нь эдгэрсэн бөгөөд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад бүртгэгдсэн халдварын тоо тивийн хэмжээнд хамгийн өндөр байна. Тус улсад одоогоор 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 400 гаруй хүн энджээ.

Египет

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын дараа халдварын тархалтаар хамгийн өндөрт орж буй улс нь Египет байна.

Тус улсад нийт 17 мянга гаруй халдвар бүртгэгдэж, 700 гаруй хүн нас баржээ.

БНСУ

БНСУ-д Даваа гарагт 19 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 16 нь дотоодын халдвар бол үлдсэн гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа юм.

Мөн шөнийн клубийн голомтот халдвартай холбоотой батлагдсан тохиолдлын тоо 230-д хүрсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна.

Солонгос улсад өнөөдрөөс эхлэн орон даяар нийтийн тээвэр болон таксигаар үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүх шаардлагатай болжээ.

Мөн Лхагва гарагаас дотоод, гадаадын нислэгүүдээр үйлчлүүлж буй бүх зорчигч амны хаалт зүүх шаардлага тавихаар болж буй аж.

Япон улс

Япон улсад тогтоосон байсан онц байдлыг үндэсний хэмжээнд цуцлах шийдвэрийг өчигдөр тус улсын Засгийн газраас гаргажээ.

Халдварын шинэ тохиолдол тоо улсын хэмжээнд 50-аас буурсан. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 2,000-аас доош болсон нь онц байдлыг цуцлах үндсэн шалгуур болсон тухай Ерөнхий сайд Абэ Шинзо онцлон тэмдэглэжээ.

Япон улс халдварын тархалтын мөрийг өөрчилж чадсан бөгөөд цаашид халдварын дэгдэлтээс сэргийлэхийн тулд ард иргэдээ Япон улсын Засгийн газраас баримталж буй “гурван С”-ийн дүрмээ чанд мөрдөхийг сануулжээ.

Гурван С дүрэмд, битүү орчноос зайлсхийх, хүн олноор цугларах газарт очихгүй байх, хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх гэсэн дүрэм багтаж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/544874346419332/?v=544874346419332

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.