Энэхүү саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа
Тусгаар улсынхаа эдийн засгийг зах зээлийн зарчмаар хөгжүүлэх үйлсэд Монголын улстөрчид, бодлого тодорхойлогчид суралцаж, иргэд, бизнес эрхлэгчид төрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө 30 шахам жил зүтгэж байна. Төр нь өөрөө бизнест шууд оролцохгүй, харин төрийн цэгцтэй, зөв бодлогоор зохицуулж чадвал хувийн хэвшлийнхэн чөлөөтэй өрсөлдөж, ажлын байр олноор буй болгож эдийн засаг түргэн хөгждөгийг өндөр хөгжилд хүрсэн орнуудын туршлага харуулдаг.
Худалдааг либералчлах төрийн бодлого хэрэгжүүлсний дүнд аж ахуйн нэгж, иргэд гадаад худалдаанд идэвхтэй оролцож, шилжилтийн үеийн барааны хомсдлоос ангижрахад ихээхэн тус нэмэр болсон билээ.
Манай орны гадаад худалдааны эргэлт түргэн өссөөр 2019 онд 17.7 тэрбум ам. долларт хүрч, 2000 оныхоос 17 дахин нэмэгджээ.
Цаг зуурын хомсдлыг гэтэлсний дараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, зах зээлээ хамгаалж, төлбөрийн чадавхаа сайжруулахад чиглэсэн худалдааг зохицуулах цэгцтэй, оновчтой бодлого зайлшгүй шаардлагатай гэдэг нь тодорхой болжээ. Аливаа улсын санхүүгийн чадавхыг олон улсын хэмжээнд төлбөрийн тэнцлийн үзүүлэлтээр дүгнэдэг.
Түүгээр ч үл барам эдийн засгийн гадаад бодлогын нэн чухал хэсэг болох гадаад худалдааны бодлого орхигдож, олон аж ахуйн нэгж, иргэд гадаадын зах зээл дээр хүртэл хоорондоо өрсөлдөж импортын барааны үнэ өсгөх, экспортын барааны үнэ бууруулах зэргээр худалдааны үр ашиг, өгөөж муутай ажиллаж байна.
Гадаад худалдааны бодлогын асуудал мэргэжлийн бус яаманд хавсарга байдлаар харьяалагдаж, мэргэжилгүй хүмүүс хариуцсан нэр зүүж, Үйлчилгээний гадаад худалдааг хариуцах эзэнгүй байна. Үүний уршгаар гадаад худалдааны ямар ч бодлогогүй, зохицуулалтгүй болсны дээр тарифын бодлогоор зохицуулж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, ялангуяа импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал орхигдож, гадаад зах зээл дээр салбарын яам болгон уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байна.
Бодлого тодорхойлогчид зөвхөн гаалийн статистик харахаас цаашгүй гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд анхаарахгүй байсаар удаж байна.
Төлбөрийн тэнцэл ашигтай бол валютын нөөц нэмэгдэх, төлбөрийн чадвар сайжрах, үндэсний валютын ханш тогтворжих боломж бүрддэг нь аливаа улс орны хөгжлийн нэг зорилго ажээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, хандивлагч түншүүд уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ, үндэсний үйлдвэрлэлээ нөөц бололцоондоо тулгуурлан хөгжүүлэх, экспортын шинэ эх үүсвэр бий болгоход анхаарахыг манай улсад зөвлөсөөр байгаа билээ.
Дэлхийн худалдааны байгууллага болон холбогдох олон талт худалдааны хэлэлцээрүүдээр олон улсын барааны худалдаа зохицуулагддаг бөгөөд манай улсын гадаад худалдааны дүн, мэдээг Гаалийн статистик мэдээгээр эмхэтгэн гаргадаг.
Гаалийн татвараар төсвийг бүрдүүлэх зорилгод хэт явцуурч, гадаад худалдааны үр ашгийг сайжруулах, зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хөгжүүлэх бодлого орхигдсон байдалтай болоод удаж байна.
Шинэ үеийн татварын тогтолцоог анх бүрдүүлэхэд гаалийн суурь татварыг 15 хувь, НӨАТ-ийг 5 хувиар тогтоосон боловч гаалийн татварыг 1990-ээд оны дундуур нэг хэсэг хугацаанд тэглээд буцааж сэргээхдээ уг харьцааг эсрэгээр болгосон байдаг. Гаалийн үндсэн тариф 5 хувь байгаа нь хөгжлийн нэг түвшинд хүрсэн улс орнуудын хооронд л байж болох доод хэмжээ юм.
Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг хязгаарлах худалдаа- тарифын бодлогын зохицуулалт дутмагийн харгайгаар өөрсдөө хийж чадах олон төрлийн зүйлийг гаднаас их хэмжээгээр авч байгаа нь туйлын харамсалтай.
Ганц жишээ дурдахад, манай улс 2018 онд 25.4 сая ам. долларын үнэ бүхий хуурай болон өтгөрүүлсэн сүү, тараг, аарц зэрэг 6 нэрийн сүүн бүтээгдэхүүн импортолжээ. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандарт орцын нормоор тооцвол манай импортолсон эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 110 орчим сая литр сүү зарцуулагдана. Харин манайх өөрөө 2019 онд 41 сая литр сүү үйлдвэрлэсэн мэдээ байдаг боловч дотоодод үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүний ихэнхийг импортын хуурай сүүгээр үйлдвэрлэж байгаа байдал үргэлжилсээр байна. Энэ баримт бол 70-аад сая малтай манай улс өөрт байгаа хэчнээн их нөөц боломжийг үл ашиглан гадны үйлдвэрлэгчийг дэмжиж байгааг маш тод харуулж байна.
Олон улсын худалдааны шинэ дэгийн хүрээнд анх байгуулсан ҮХЕГ /Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр/-ээр үйлчилгээний гадаад худалдаа зохицуулагддаг. Энэ гэрээг англиар GATS / General agreement on trade in services /гэж нэрлэдэг.
Манай улсын Үйлчилгээний худалдааны хэмжээ 2019 онд 4 тэрбум ам.доллар болж, нийт бараа эргэлтийн 18 хувьтай тэнцэж, 2 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа нь харамсалтай. Нүдэнд үл үзэгдэх байдлаар үйлчилгээний худалдаагаар ихээхэн хэмжээний валютын нөөц гадагш урсаж байна.
Үйлчилгээний худалдааны алдагдал жилээс жилд өсөх хандлагатай байгаагаас төлбөрийн тэнцэлд муугаар нөлөөлж байгаа нөхцөл байдлыг судалж, зохицуулах асуудал өнөө үед улам чухлаар тавигдаж байна. Үйлчилгээний худалдааны мөн чанарыг зөв танин мэдэж бодлого, зохицуулалттай болгох цаг болоод байна.
Төлбөрийн тэнцлийн бодлого, үйлчилгээний гадаад худалдааны зохицуулалт Засгийн газарт зангидагдахгүй, Монгол банк, статистикийн хороо өөрсдийн баталсан аргачлалаар “урсгал шилжүүлэг" гэх мэдээ гаргаад чимээгүйхэн орхидог байдлыг цаашид засаж залруулах шаардлагатай байна. Энэ асуудлыг анхаарлын гадна орхиж байгаагаас мөнгөний ханшийн бодлого, төлбөрийн тэнцлийг удирдахад Засгийн газар нөлөөлж чадахгүй байна. Уг асуудлаар яриа өрнөхөд гүйцэтгэх засаглалын тэргүүн, сайд нар rap мухардаж, Монголбанк руу чиглүүлж орхидог зохисгүй байдлыг нэн даруй өөрчлөх хэрэгтэй байна. Монголбанканд ийм үүрэг байхгүй бөгөөд эдийн засгийн энэ чухал асуудал эзэнгүйдэж байна. Ийм зохисгүй байдлыг засаж, хөгжлийн бодлогыг төлбөрийн тэнцэлтэй уялдаатай шийддэг болгох хэрэгтэй байна.
Манайд улсад гадаад худалдааны асуудлыг ГХЯ хариуцдаг гэх боловч үйлчилгээний гадаад худалдаа болон тариф худалдааны бодлого, зохицуулалт, төлбөрийн тэнцэл хариуцсан байгууллага Засгийн газарт алга. Үүнээс болоод нэг ёсондоо худал-дааны асуудал бас л эзэнгүй орхигдоод байна.
Улс орнууд энэ асуудлыг мэргэшсэн аппарат бүхий худалдааны яамтай байж шийдвэрлэж байна. Судалгаанаас үзэхэд дэлхийн 205 улсын 195 нь худалдааны яамтай, (түүний дотор 51 нь гадаад худалдааг дагнан хариуцдаг, 61 нь худалдаа, аж үйлдвэрийн яамтай, 32 нь худалдаа, эдийн засгийн хөгжлийн яамтай, 50 нь гадаад харилцаа болон худалдааны яамтай).
Худалдааны түнш орон бүртэй засгийн газрын түвшинд тохирох. ярилцах асуудал үргэлж байдаг. уул уурхай болон бусад салбарын томоохон компани олон улсын зах зээлд IPO гаргаж гадаадаас хөрөнгө татах, байгалын хийн транзит тээвэр гээд олон том асуудлыг шийдвэрлэхэд худалдааны яамны мэргэшсэн технократуудыг сонгож бэлтгэн тогтвортой ажиллуулах хэрэгтэй болж байна.
Манай улсын дотоод худалдаанд 17 мянга гаруй дэлгүүр, үүнээс цөөнгүй нийтийн хоолны газарт 200 гаруй мянган хүн ажиллаж, ДНБ-ий 20 орчим хувийг бий болгож байна.
2016 оноос ХХААХҮЯам дотоод худалдааг хариуцаж эхэлсэн боловч тэнд худалдааны мэргэжлийн бус 2-3-хан хүн л ажилладаг. Яам болон бүх шатны хурал, засаг даргын худалдааны асуудлаар хүлээх үүрэг, хариуцлага, эрх мэдэл зааглагдаагүй байна. Үүнээс голчлон шалтгаалж худалдаа үйлчилгээний соёл, чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн байдал бүхэлдээ олон улсын стандарт, хэм хэмжээнээс хоцрогдож, орчин үеийн хэрэглэгчийн шаардлагаас хоцорч, үйлчилгээний ажилчдын зан харьцаа, мэдлэг чадварыг сайжруулах, сургах, дахин сургах мэргэшүүлэх, зах, худалдааны төрөлжсөн төвийн зохион байгуулалтын асуудалд бодлогоор ханддаг байгууллага алга байна.
Худалдааны тухай, түүний зохицуулалтын хууль эрх зүйн орчин байхгүй, гадаад, дотоод худалдааны асуудлыг хоёр яам хавсарга ажил төдий эрхэлж, худалдаа-тарифын бодлого, үйлчилгээний гадаад худалдаа, чөлөөт бүс, хилийн худалдааны асуудлыг аль яам, газар хариуцдаг нь ойлгомжгүй удаж, ажил хэрэгт муу нөлөө үзүүлж байгаа талаар Та бүхэнд учирлан ойлгуулж Худалдааны яам байгуулах асуудлыг судлан үзэж шийдвэрлэж өгөхийг эрхэмлэн хүсэж байна.
Хүндэтгэсэн,
Худалдааны ахмад ажилтнууд:
2020 оны 4 дүгээр сарын 17
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!