Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Япон улсад Авиган эмийг COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэх эм болгон бүртгэлжүүлэх гэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн улс орнуудын шинэ коронавирусийн тархалтын эсрэг авч буй арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Бразил

Бразил улсад өчигдөр 7,000 гаруй шинэ тохиолдол, 600 гаруй нас баралт бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 114,700 гаруй боллоо.

Тус улсын нутгийн иргэдийн төлөөлөл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал, доктор Тедрост хандан нээлттэй захидал ирүүлсэн. Захидалд уугуул иргэдийн эрүүл мэндийг хамгаалах анхаарч, эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг хувийн хамгаалах хэрэгслээр хангахад ДЭМБ-аас дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. 

Бразилийн Амазоны сав газарт 850 мянга орчим уугуул иргэн амьдарч байгаа юм.

АНУ

Америкийн нэгдсэн улсад 1.2 сая орчим хүн халдвар авснаас 187 мянган хүн эдгэрчээ. Халдвар хамгийн өргөн хүрээнд тархсан Нью Йорк мужид 321 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

АНУ-ын 50 муж улсын 46-д нь энэ хичээлийн жилийг дуустал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан буюу хаах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ.

Их Британи

Их Британийн Үндэсний статистикийн байгууллагын мэдээллээр дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар Англи болон Уэльст 29 мянга гаруй хүн COVID-19-ийн улмаас нас барсан гэжээ.

Дээрх бүртгэл дээр Шотланд болон Умард Ирландын нас баралтын нэмбэл Их Британи Умард Ирландын нэгдсэн Хаант улсын нийт баралт 30 мянгыг хол даваад байна. Энэ нь баталгаажвал тус улс Европ тив дэх хамгийн өндөр нас баралттай улс болох юм. 

БНСУ

БНСУ-д сүүлийн хоёр өдөр дараалан дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй. Харин гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 3, нас баралт 1 бүртгэгджээ. 

Ирэх долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн Солонгос Улсад сургуулиудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр болсон.

Япон

Япон улсад Мягмар гарагт нийт 120 тохиолдол бүртгэгдсэний 58 нь нийслэл Токио хот орчмын бүс нутагт илэрсэн байна. 

Тус улсад халдвар авч, хөнгөн өвчилсөн хүмүүсийг зочид буудалд хэвтүүлж, эмчийн хяналтад авах зэргээр эмнэлгийг ачааллыг бууруулж, зөвхөн хүнд өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тактик баримталж байна. 

Илрүүлгийн хувьд тус улсын лабораторийн шинжилгээ хийх шаардлага хэт өндөр байгааг мэргэжилтнүүд шүүмжилж, сулруулахыг зөвлөсөн.

Тухайлбал, Япон улс 37.5 хэмээс дөрвөн өдөр дарааллын халуурсан тохиолдолд PCR шинжилгээнд хамруулж байгааг сулруулж, амьсгал давчдах, ядарч сульдах, халуурах шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төв рүү утсаар холбогдож, PCR шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж, шинжилгээний удирдамждаа өөрчлөлт оруулахаар болсон байна.

Япон улсад АНУ-ын "Gilead science" компанийн Remdesivir эмийг яаралтай горимоор хэрэглэх асуудлыг энэ долоо хоногтоо багтаан шуурхай шийдвэрлэнэ.

Түүнчлэн өөрийн улсын биотехнологийн компанийн бүтээсэн томуугийн вирусийн эсрэг үйлдэлтэй Авиган эмийг энэ сард багтаан COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэх эм болгон бүртгэлжүүлэх гэж байгааг тус улсын Ерөнхий сайд Абэ мэдээлсэн байна.