Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-ын хилээр орж ирсэн хүмүүс

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа улсын хэмжээнд COVID-19 халдварыг илрүүлэхээр хийгдсэн тандалт судалгааны ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гуравдугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсад COVID-19 халдварын 41 батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

Энэ хугацаанд бид тусгай үүргийн онгоцоор болон бусад хилийн боомтоор орж ирсэн 4,700 хүнийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулсан байна.

Мөн энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 11,200 хүнд лабораторийн шинжилгээ хийгджээ" гэсэн юм.

Үргэлжлүүлэн "Бид батлагдсан тохиолдлуудыг 2-13 дахь хоног дээр нь дөрвөөс таван удаа шинжилгээ хийж байж илрүүлж байна.

Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аар орж ирсэн бол бусад нь 10 гаруй улс орноос транзит эсвэл шууд нислэгээр зөөвөрлөгдөн орж иржээ.

Батлагдсан тохиолдлын 80.4 хувь нь хөнгөн буюу дунд хэлбэрийн байгаа бол 14.6 хувь нь хүнд, хүндэвтэр, таван хувь нь маш хүнд гэсэн эмнэл зүйн шинж тэмдэгтэй байна.

Энэ нь ДЭМБ-ын өгч буй эмнэл зүйн шинж тэмдгийн мэдээлэлтэй ойролцоо хэмжээнд байгаа юм.

Уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй бөгөөд өвчтөнүүдийн 10 орчим хувь нь уушгины хатгаагаар хүндэрсэн.

Одоогоор 13 нь эдгэрч эмнэлгээс гарсны дөрөв нь гадаадын иргэн бол хоёр нь маш хүнд гэсэн клиникийн явцтай байсан байна.

Түүнчлэн архаг хууч өвчтэй хүмүүс COVID-19 халдварт өртсөн байна.

Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн хүмүүс энэ өвчнөөр өвчилж, ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжиж салбар хоорондын 170 гаруй хүн ажиллаж байна. Одоогоор нийт 140 гаруй хүн өвчтөн болон сэжигтэй тохиолдолтойгоо хамт тусгаарлагдаж, багт хуваагдан цаг наргүй ажиллажээ.

Тиймээс иргэд маань эмч, мэргэжилтнүүдийнхээ нөр их хөдөлмөрийг үнэлж, урам өгөөсэй гэж бодож байна.

Бид хамтарч байж энэ өвчинтэй тэмцэх болно” хэмээн хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2407895446167969/?v=2407895446167969

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.