Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Ж.Баясгалан АН-д элсэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуу хоолойгоо хүргэхээр боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан Ардчилсан Намд гишүүнээр элсэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. 

Хоёр жилийн өмнө осолд орж, тэргэнцэр дээр суудаг болсон тэрбээр яагаад АН-ын яагаад сонгох болсон тухайгаа ярьсан юм. Тэрбээр “Би өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлж энд ирсэн. Юун түрүүнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх ажлаа нэр томъёноос эхлэх нь зүйтэй байх. Би хэдийгээр тэргэнцэр дээр сууж байгаа ч намайг хөгжихөд энэ тэрэг саад болдоггүй.

Тийм болохоор хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томъёог тусгай хэрэгцээт болгон хуулийн нэрийг өөрчлөхийг хүсэж байна. Тэгэх юм бол миний төлөөлж буй 110 мянга гаруй иргэн нийгмийн оролцоо, итгэл үнэмшлийн хувьд маш их зүйлийг олж авах боломжтой болно. Бүх зүйлд төр засгийг буруутгах аргагүй. Төрөөс тусгай хэрэгцээт сургуулиудыг байгуулсан. Гэвч хүртээмжгүй байна. Тусгай сургуульд очих тусгай автобус, замгүй байна. Бидэнд суралцах боломж хомс байна. 

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусад нь сургаж байгаа нь нийгмээс улам л тусгаарлаж байгаа хэрэг. Үүний оронд тусгай хэрэгцээт иргэдтэйгээ цуг амьдрах хэрэгтэй байна. Би бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг боломж бүрдээсэй гэж хүсдэг.  Дунд сургуулиасаа тэргэнцэртэй, сонсголын бэрхшээлтэй хүнтэй хамт байсан хүн тэдэнтэй зөв харилцаж сурна. Энэ бодлыг маань АН дэмжиж, мөрийн хөтөлбөртөө тусгаж, өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг хүмүүсээс санал авч байгаад маш их баяртай байна. Тиймээс энэ бүхэн хэрэгжинэ гэдэгт итгэж байгаа. 

Ийнхүү АН-ын дарга С.Эрдэнэ намын гишүүний батлахыг түүнд гардуулж өглөө. 

АН-ын дарга С.Эрдэнэ: Миний бие 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцаж байсан. Тэдгээр иргэнд халамж түгээхдээ гол нь биш хөдөлмөрлөх, баялаг бүтээх боломж олгох нь чухал юм. Тиймээс АН-ын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлийн асуудлыг суулгаж байгаа. 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэрэгжиж байгаа. Гэвч энэ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын томоохон бодлого зорилтын тавих ёстой. АН-ын үйл ажиллагаанд төлөөлөл болон оролцохоор зориглож, энэ намын гишүүн болж байгаа Ж.Баясгаландаа талархаж байна. 

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа: АН 2020 оны сонгуульд оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн тухай асуудлыг онцгойлон анхаарч мөрийн хөтөрбөртөө тусгаж байгаа.

Зөвхөн халамжлуулах биш бүтээх, сэтгэх эрмэлзэлтэй олон иргэн бий. Тэдгээр хүний ажиллах, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө олон зүйл хийх шаардлагатай. Дээр нь боловсрох, хөгжих, мэдээлэл авах орчныг бий болгох нэн чухал шаардлага бий. 

Өнөөдрийг хүртэл нийгэм тэдгээр хүнийг зөвхөн халамжлуулагч гэдэг утгаар нь харж ирсэн. Харин одоо Монголын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах хүмүүс гэдэг өнцгөөс харж, тэдний хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө хамтарч ажиллах болсондоо таатай байна.