Хятадад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусээр халдварласан анхны тохиолдлыг илрүүлснээ Япон улсын эрүүл мэндийн яам өнөөдөр зарлажээ.
Тус улсын Канагава мужийн оршин суугч, 30 гаруй насны эрэгтэй энэ сарын эхээр шинэ вирусны голомт болсон Хятадын Ухань хотоос ирсэн юм байна.
Японд ирэхдээ халуунтай байсан түүнийг эмчлээд өчигдөр эмнэлгээс гаргажээ.
АНУ-ын төрийн департмент өчигдөр Хятадын Ухань хот руу аялахгүй байх нэгдүгээр зэргийн эрүүл мэндийн анхааруулгыг иргэддээ хандаж гаргасан байна. Тайландын засгийн газар Хятадын сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нисэх онгоцны буудалд тавих хяналтаа чангатгах болсныг мэдээлжээ. Энэ жилийн сар шинийн амралтаар Хятадаас тус улсад 800,000 жуулчин ирэх төлөвтэй байгаа юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ төрлийн коронавирус Хятадаас гадагш тархаж болзошгүй байгааг улс орнуудад анхааруулаад байна.
Коронавирус нь энгийн ханиад томуунаас эхлээд SARS зэрэг амьсгалын замын хурц өвчлөл хүртэл үүсгэдэг бүлэг вирус юм. Хурц хэлбэрээр халдсан тохиолдолд хүний амийг хөнөөх чадалтай.
Арванхоёрдугаар сард Уханьд анх илэрсэн шинэ төрлийн коронавирусын халдвараар нийтдээ 41 хүн өвчилж, нэг хүн амиа алдаад байна. Вирусны гарлыг тус хотын далайн хүнсний захаас эхтэй гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!