Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах эсэх асуудлыг Даваа гарагт хэлэлцэхээр боллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын тэргүүлэгчид авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/citycouncilMN/videos/436140767274826/

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь эсэргүүцэлтэй тулгараад байгаа  юм.

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29,41 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулав.

Тэрбээр, “2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан.

Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо.

Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо” гэсэн юм.

Ингээд өнөөдрийн хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах эсэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргав.

Уг асуудлыг хэлэлцэх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдааныг 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт хийхээр товлолоо.