Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Авто зам ашигласны төлбөр нэмэх асуудал сонгуульд ямар ч хамаагүй

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр машинтай жагсагчдыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Машинтай жагсаал хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Б.Цэгмид “Бид Засгийн газраас хоёр шаардлагын хариуг авсан. Харин одоо нийслэлээс зарим шаардлагынхаа хариуг авч чадахгүй гацчихаад байна. Та авто зам ашигласны татвар нэмэхгүй гэдгээ хэлбэл би жагсаал, цуглаанаа тараана” гэсэн юм.

Үүний хариуд Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Та бүхнийг машинтай жагсаал хийсэн өдрөөс эхлэн нийслэлийн удирдлагууд уулзаж, зөвлөлдөж байна.

Энэ шийдвэрийг гаргахдаа нийслэлийн ЗДТГ нэлээн тооцоо судалгаа хийж, нийтийн эрх ашигт нийцэх хэмжээнд байхаар тооцсон.

Мэдээж татвар, хураамжийг нэмэхийг иргэд эсэргүүцэж байгааг бид ойлгож байна. Энэ шийдвэрийг эргэж харах хууль ёсны чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд надад өгсөн учраас би шийдвэрээ эргэж харна.

Ингэхдээ 2020 онд төсөвлөөд баталчихсан хөрөнгө оруулалтаасаа энэ хураамжаа хаслаа гэхэд 50 гаруй тэрбум төгрөгөө эргээд хаанаас, яаж тэнцвэржүүлж гаргах вэ гэдгийг судалж байна.

Анх 2013 онд авто зам ашигласны хураамжийг бид НИТХ-аар баталсан. Тэр үед автомашины тоо 262 мянга байсан бол өнөөдөр 500 мянга болтлоо өссөн. Мөн авто зам 600 мянга гаруй км байсан бол өнөөдөр 1,000 гаруй км болсон.

Өнөөдөр Улаанбаатар хотод 1.5 сая хүн ажиллаж, амьдарч байна. Гэтэл ирэх жилийн зургаадугаар сар гэхэд нийтийн тээврийн 80 хувь нь жагсаалтаас гарах гэж байна. Нийтийн тээвэрт ямар ч шинэчлэлт хийгдээгүй маш олон жил болсон. Мөн нийслэлд түргэн тусламжийн автомашин 180 байх ёстой бол өнөөдөр 50 хувьтай л үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Гэтэл бид эдгээрийг шийдэхгүй явсаар хөгшид, хүүхэд, оюутан залуусаа явган явуулах уу?

Түүнээс гадна нийслэлийн 4,700 га талбайг эзэлж буй гэр хороолол ямар байдалтай байгааг бид мэднэ. Гэр хороололд адаглаад явган хүний зам тавих хэрэгтэй.

Мөн та, бидний хүүхэд зорчдог газар явган болон дугуйн зам тавих шаардлагатай байна гэх мэт бидэнд хамтарч шийдэх маш олон асуудал бий.

Бид иргэд, оршин суугчдынхаа наад захын хэрэгцээг хангаж, хотын өмнө тулгамдаж буй эдгээр асуудлыг автомашин хэрэглэгчдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэх юм.

Энэ төлбөр хураамжийн хүрээнд жилд 100 мянга, сард найман мянган төгрөгийн төлбөр төлөхөд иргэд дургүйцэх зүйл байхгүй байх.

Яагаад гэвэл энэ хэн нэгэн албан тушаалтан халаасандаа хийх гэж байгаа болон авлига, хээл хахуульд зарцуулах гэж байгаа мөнгө биш. Тэр тусмаа сонгуульд ямар ч хамаагүй.

Хэрвээ сонгуультай холбоотой байсан бол бид улс төрийн албан тушаалтны хувьд сонгууль дөхөж байгаа энэ үед иргэдийнхээ дургүйцлийг хүргэж, жагсаал тэмцэл хийлгэн байж энэ саналыг гаргах ямар ч шаардлага байхгүй.

Би хотын захирагчийн хувьд сонгууль улс төрөөс ангид бөгөөд энэ хотод хамгийн түрүүнд шийдэх ямар асуудал байгааг хэр хурдан хугацаанд шийдэж болох талаас нь энэ асуудлыг тавьж байна.

Хот олон жилийн хугацаанд буруу бодлого, буруу жишгээр явж ирсэн. Түүний хорыг бид бүгд амсаж байна.

Би та бүхэнтэй ялгаагүй ижил байр суурьтай байгаа. Гэвч 300 сая төгрөгийн машин уначихаад жилд 100 мянган төлөхгүй гэж амиа бодоод хотоо хөгжүүлнэ гэж явах уу? Эсвэл иргэнийхээ нийгмийн хариуцлагын хүрээнд, нийтийн эрх ашгийн төлөө энэ асуудлыг шийдэх үү гэдэг дээр иргэд ойлгох байх гэж тооцоолж хийсэн.

Ямартай ч энэ нэмэгдэлд зохих хэмжээний өөрчлөлт оруулна. Гэхдээ хэр өөрчлөхийг би одоо хэлэхгүй. Учир нь бид бүтэн жилийн хугацаанд иргэдээс санал аваад, сайн тооцоолж гаргасан шийдвэрээ хэдхэн хоногийн дотор өөрчилнө гээд тоо баримт шууд ярих боломжгүй.

Та бүхний санал, Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг чиглэлд хүндэтгэлтэй хандаж, хуулийн хүрээнд төсөв орлогынхоо тэнцвэрийг хадгалж, бүгдийнх нь эрх ашигт нийцүүлж нийслэлийн иргэд эцэст нь хожих талаас нь шийднэ” гэлээ.

Видео:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/485065792117375/?v=485065792117375