Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Төгрөгийн ханш сулрах нөхцөл үүсээгүй"

ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Валют арилжааны Найман шарга зах дээр ам.доллар эрэлт үүсгэжээ.

Трэндээс харвал өдийд гадаад валютын эрэлт тогтвортой, импортын их дүнтэй томоохон нийлүүлэлтүүд хийгдчихсэн байдаг үе юм.

Гэтэл юунаас болсныг тодруулахад Монгол Улс өнөөдөр орой мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ байгууллагын эрчимтэй хяналтын Саарал жагсаалт зарлагдах эсэх шийдвэрээс болж төгрөг суларна гэсэн зах зээлийн бус хиймэл хүлээлт үүсгэж эхэлсэн болохыг шинжээчид хэлж байна. Үр дүн хэрхэн гарснаас болж гадаад нөлөө манай төгрөг дээр шууд ирэх боломжгүй бөгөөд энэ нь зөвхөн ханшийн зөрүүнээс ашиг олох гэсэн оролдлого аж.

Манай улсын гадаад валютын зарлагдсан дүн 3.6 тэрбум ам.доллар бөгөөд импортын 9 сарын хэрэгцээнд зарцуулагдаж болох нөөц тул ханшийн хиймэл савлагааг маш богино хугацаанд нөхөх боломжтой үзүүлэлт юм. Иймд тодорхой бус мэдээлэлд үндэслэсэн ханшийн эрэлт нь ханшийн зөрүүнээс ашиг бус томоохон алдагдалд хүргэдэг байна.

Монгол Улс саарал жагсаалтаас гарах эсэх асуудал 2016 оноос эхэлсэн бөгөөд энэ үеэс манай улсын санхүүгийн харилцаанд хязгаарлалтууд хийгдсэн ба Саарал жагсаалтад өнөөдөр орлоо гэхэд нэмж хүндрэлд үүсэх нөхцөл үүсэхгүй, ханш дээр ч дарамт ирэхгүй гэдгийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэвлэлийнхэнд өгсөн тодруулгад тодорхой тайлбарласан байв.

Өөрөөр хэлбэл, ФАФТ байгууллагаас гаргах шийдвэр нь ямар ч хориг арга хэмжээ биш юм. Зөвхөн эрсдэлийг зарлаж байгаа хэрэг аж. Тухайн улс оронд шууд нөлөөлөх санхүүгийн хоригууд тавигдахгүй, гагцхүү харилцагч улс орнуудых нь  санхүүгийн байгууллагууд эрсдэлийг нь хэрхэн үзэж харилцахаас хамаарах юм.

Худалдааны хоригтой адилтгаж үзээд айж сандраад байх зүйл огт үгүй бөгөөд манай улсын зээлжих зэрэглэлд ч нөлөөлөх боломжгүй юм. Учир нь улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг макро эдийн засгийн үзүүлэлт, өрийн удирдлагаас нь хамаарч тооцдог бөгөөд манай улсын зээлжих зэрэглэл 2016 онд буугаад харин 2017 оноос сэргэж түүнээс хойш эерэг үр дүнгээ хадгалсаар байгаа юм. Тиймээс ханшийн тогтвортой байдалд сөрөг шок ирэх нөхцөл байхгүй байна.

 

Х.Цэлмэг