Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яам хууль зөрчин "Монос”, “Монгол эм импекс”, "Ай ви ко” компанид давуу эрх олгов уу

Б.Бадралмаа, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг

-НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун худал мэдээлэл тараасан уу-

Өнгөрсөн Баасан гарагт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнг танилцуулсан.

Төлөвлөгөөт шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 1,300 гаруй эмийн сангийн 99 байгууллага хамрагдсан болохыг НМХГ-ын байцаагчид хэлсэн.

Шалгалтын явцад 95 байгууллагаас зөрчил илэрсний 59 нь бага эрсдэлтэй, 28 нь дунд эрсдэлтэй, гурав нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Үүнээс бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй, эмийн хадгалалтын горим зөрчсөн, жор барих эрхгүй хүн эм барьсан, хүчингүй жороор эм олгосон, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Харин их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн “Фүжи Фарм”, “Цогт тайж”, “Ананас” гэх гурван эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг НЭМГ болон ЭМЯ-нд хүргүүлэхийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун үүрэгдсэн.

Ингэхдээ “Монос”, “Монгол Эм импекс”, “Ай Ви Ко” компаниудын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгахдаа ЭМЯ-наас хууль зөрчсөн хэмээн үзсэн юм.

Учир нь дээрх эм бэлдмэлийг үйлдвэрлэх, нийлүүлэх эрхийг гурван жилийн хугацаатайгаар олгодог аж.

Гэтэл дээрх компаниудын тусгай зөвшөөрлийн хугацаа таван жилээр олгогдсон байжээ.

Бид сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл үйлдвэрлэх эрхийн зөвшөөрлийг олон жилээр гаргуулан авсан гэх компаниудад ямар хариуцлага тооцсоныг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

Д.Цэнд-Аюуш: Манайх зөрчил мэдээлдэг байгууллага болохоос шийдвэр гаргадаггүй

Тэрбээр, "НМХГ-аас эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийх ажлыг зохион байгуулсан.

Төлөвлөгөөт хяналт, шалгалт гэдэг нь урьдчилан сэргийлэх буюу өмнө нь зарлаж байгаад очиж хийдэг шалгалт юм.

Шалгалтаар илэрсэн зөрчил мэдээллийг 2019 оны есдүгээр сарын 20-нд танилцууллаа. Хурлын дарга болон газрын даргын эцсийн шийдвэр гараагүй тул, зөрчил дутагдалд ямар арга хэмжээ авах талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

Эцсийн шийдвэр гарсны дараа Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудад зөрчил илэрсэн газарт арга хэмжээ авах бичиг хүргүүлнэ.

Манай байгууллага шалгалтаар илэрсэн зөрчлийг мэдээлсэн болохоос шийдвэр гаргадаг байгууллага биш.

Шийдвэр гарах хүртэл материал бүрдүүлэх, судлах зэрэг нарийн дэс дараатай ажлууд хийгддэг. Хурлын шийдвэр хэзээ гарах нь одоохондоо тодорхойгүй байна" гэлээ.

“Эм" холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням: НМХГ-ынхан тусгай зөвшөөрлийн танилцуулга дээр алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн

“Эм" холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням "НМХГ-ын төлөвлөгөөт шалгалтын үеэр эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудаас их, дунд, бага эрсдэлтэй зөрчлүүд илэрсэн.

Төлөвлөгөөт шалгалт хийгдсэний дараа байгууллагуудад зөрчлөө арилгах шаардах хуудас өгч, ахин гүйцэтгэлийн шалгалтыг явуулсан.

Шаардлагын дагуу тухайн байгууллагууд зөрчлөө газар дээр нь арилгаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа.

Харин өнгөрсөн баасан гарагт болсон шалгалтын дүнг танилцуулах хурлын үеэр буруу ойлголцол үүсэж, тухайн байгууллагууд зөрчлөө арилгаагүй мэтээр танилцуулсан.

Мөн энэ хурлаар “Монос”, “Монгол Эм импекс”, “Ай Ви Ко” гэх гурван компанийн тусгай зөвшөөрлийг сунгахдаа хууль зөрсөн гэх асуудал яригдсан.

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль, эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих тухай гэсэн таван хуулиар зохицуулагддаг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих тухай хуулийн 8.5 дугаар заалтад үндэслэж тусгай зөвшөөрлийг олгодог.

Уг заалтад эмийн тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно гэж заасан байдаг нь үнэн. Гэхдээ эмийн тусгай зөвшөөрлийн сунгалтыг дээрх хуулийн 8.6 дугаар зүйлд үндэслэн сунгадаг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих тухай хуулийн 8.6 дугаар заалтад тусгай зөвшөөрлийг сунгахдаа “Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулна” гэсэн заалттай.

Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 19.18 дугаар заалтад “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлийг анх олгохдоо гурван жил, сунгахдаа таван жил байж болно” гэж заасан байдаг.

Харин тухайн хурал дээр дээрх заалтуудыг дутуу танилцуулснаас болж буруу ойлголт өгсөн. Сая НМХГ-аас эцсийн шийд гаргаагүй гэх тайлбарыг бидэнд өглөө.

Хурлын шийдвэр ирэх долоо хоногоос гарна гэсэн.

НМХГ-ынхан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлийн танилцуулга дээр алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэв.

Зураг