Монгол Улс 2011 онд Кембриджийн шалгалтын төвтэй хамтран ажиллах эхлэлээ тавьж, олон улсын Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төрийн өмчийн гурван сургуулийг байгуулсан билээ.
Үүний нэг нь “Шинэ эхлэл” сургууль юм.
“Манай сургууль 2011 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Кембриджийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын хөтөлбөр тул тодорхой стандарт, шаардлагуудыг тавьдаг. Тухайлбал, жилд хоёр удаа олон улсын шалгалтыг өөрийн байрандаа зохион байгуулах ёстой.
Шалгалт явуулах байр нь ч мөн стандарттай. Харин манай сургууль зай талбай багатай учир ижил хөтөлбөр хэрэгжүүлэгч “Шинэ эрин” сургуулийн зааланд шалгалтаа авдаг байсан. Тиймээс энэ жил БСШУСЯ-нд хүсэлт гаргаж, барилгаа дээш өргөтгөн, шалгалтын заалтай болж байгаа” хэмээн “Шинэ эхлэл” сургуулийн нарийн бичгийн дарга Ц.Солонго ярьж байв.
“Шинэ эхлэл” сургуулийн 300 орчим сурагч жил бүр хоёр удаа олон улсын хөтөлбөрийнхөө шалгалтыг өгөхийн тулд өөр сургуулийг зорьдог байсан бол энэ жилээс эхлэн шинэ зааландаа сурсан, мэдсэнээ дүгнүүлэхээр болж байна.
“Шинэ эхлэл” сургуулийн өргөтгөлийн ажлыг хариуцсан “Пи Эм” компанийн Ерөнхий менежер С.Батхүү “Тус сургууль нь олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг учир шалгалт нь хатуу дэг, хяналттай явагддаг. Тиймээс шаардлагыг хангасан заалтай болж байна.
Заал нь 24х15 метр талбайтай, хяналтын есөн камер, өндөр тааз, агааржуулалтын систем, гэрэлтүүлэг сайтай болж байгаа. Мөн хоёр анги, номын сан, шалгалтын материал хадгалах архивын өрөө, ариун цэврийн өрөөтэй. Өргөтгөлийн нийт талбай нь 480 м.кв” хэмээв.
Эдгээрийн өртөг нь 900 орчим сая төгрөг аж. Гүйцэтгэлийн явц 90 гаруй хувьтай явагдаж байгаа. Одоо зөвхөн будаг шохойны ажил үлдсэн гэлээ.
Дээрх барилгын компани өргөтгөлөөс гадна сургуулийн захиргааны хүсэлтээр үндсэн барилгын засварын ажлыг мөн гүйцэтгэж байгаа юм. Уг ажлыг хариуцаж буй Ерөнхий менежерийн хэлж буйгаар наймдугаар сарын 30-наас өмнө бүх ажлаа гүйцээж, улсын комисс ажиллахад бэлэн болгохоор төлөвлөжээ.
“Шинэ эхлэл” сургуулийн барилга нь 320 хүүхдийн суудалтай. Өнгөрсөн хичээлийн жилийг 298 сурагч, 50 багш, ажилтантайгаар өндөрлүүлжээ. Харин 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн зургаадугаар ангид элсэхээр 48 сурагч шалгарсан байна.
Элсэгчдийн талаар тус сургуулийн нарийн бичгийн дарга Ц.Солонго “Жил бүрийн элсэлтийн шалгалтад 400-500 сурагч бүртгүүлдэг. Үүнээс хамгийн өндөр оноотой 44-48 сурагч авдаг. Энэ жил 450 орчим сурагч шалгалтад бүртгүүлж, онооны шалгуурын дагуу хамгийн өндөр оноотой 48 хүүхдийг авсан. Кембриджийн сургалттай сургууль учир дунджаар 20 орчим сурагч нэг ангид байдаг. Үүнээс хэтэрвэл анги шинээр үүсгэдэг” хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!