Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алтансор: Англи хэлний боловсролыг эхлүүлэхэд хамгийн ТОХИРОМЖТОЙ НАС БОЛ...

ikon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN

"Англи хэл бол зүгээр нэг хэрэглээ биш боловсролын суурь" гэж тэр онцолж хэлсэн юм.

Англи хэлийг хэрхэн үр дүнтэйгээр суралцах тухай ямар нэгэн нууцыг маш олон хүн эрж хайсаар байдаг.  Тиймээс л дэлхий дахины боловсролоос хүртэхийн тулд заавал эзэмших ёстой суурь мэдлэг болох Англи хэлийг зөв дуудлагатай, унаган юм шиг яаж суралцах тухай асуултыг өөрсдөдөө, багшдаа, мэргэжилтнүүдэд хамгийн их тавьдаг.

Тиймээс бид үүний хариултыг тодорхой хэмжээнд эрж хайх, мөн Англи хэлний боловсролыг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой насны талаар энэ удаагийн ярилцлагаараа хүргэхийн зорилоо.

Калифорни мужийн Их сургуулийн Боловсролын Магистр, TESOL зэрэгтэй, Кембриджийн Англи хэлний албан ёсны шалгалтын удирдагч багш, Q Education Group үүсгэн байгуулагч Ц.Алтансортой та бүхнийг уулзуулж байна.

 

-Танай сургуулийн зүгээс Англи хэлний боловсролыг эхлүүлэх хамгийн зохистой насыг 7 нас гэж тодорхойлсон байна. Яагаад ингэж үзэх болов, шалтгааныг нь тайлбарлавал?

-Арван жилийн сургалтын систем 6 наснаас эхэлдэг. Судалгаанаас харахад хүүхэд 7-12 насны хооронд гадаад хэлийг өөрийн унаган хэл шиг эзэмших боломжтой гэж үздэг.

Яагаад гэхээр 12 наснаас хүүхдийн бэлгийн бойжилтын үе эхэлдэг. Энэ наснаас эхлэн хүүхэд илүү биеэ барьсан, ичимхий болдог. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө таних, би хэн бэ гэдгээ ойлгож эхэлнэ гэсэн үг.

Энэ насандаа хүүхэд буруу ярьчих вий дээ, алдаа гаргачих вий гэснээсээ ичиж, зовно. Харин 12-оос өмнөх насандаа хүүхдүүд илүү нээлттэй, ямар нэгэн бодолгүйгээр юу дуртайгаа ярьж, харилцаж, дүрмийн алдаа, үгсийн сангийн алдаа зэргийг үл хайхран ярьдаг. Түүнчлэн хүүхдүүд 1-р ангидаа буюу 6 насандаа төрөлх хэл дээрээ уншиж бичиж сурсан байдаг.

Төрөлх хэлнийхээ суурийг тавиад, монгол үсгээ мэдээд уншдаг болсныхоо дараа гадаад хэлийг үзэх нь илүү ач холбогдолтой. Мөн 12 нас хүртэл хэл ярианы хөгжлийг дэмжих маш олон төрлийн булчин аман дотор хөгжиж байдаг ба тэдгээрийн хөгжих процесс нь гадаад хэлээр зөв дуудаж ярихад тусалдаг.

Аль хэдийнээ тэдгээр булчин нь монгол хэлнийхээ авиа зүйн онцлогт зохицон хөгжчихсөн нөхцөлд илүү унаган буюу Америк, Англи хүн шиг цэвэрхэн дуудлагатай сурахад дутагдалтай болж эхэлдэг. Тийм учраас бид 7-12 насны ангийн сургалт байх нь зүйтэй гэж үзэж, тэрэндээ зориулсан хөтөлбөр, заах аргачлалыг нэвтрүүлээд явж байна.

 

-Хүүхдүүдээ хэл сургахад эцэг эхчүүдийн сонгодог нийтлэг зам байна. Боломжтой нэг нь өндөр төлбөртэй, 100 хувь англи хэл дээр хичээлээ заадаг хувийн сургуульд багаас нь явуулаад унаган англи хэлтэй болгодог. Энэ замаар явахад англи хэлээ сайн сурах хэдий ч монгол хэлний сургалт нь бага цагаар явагддаг учраас төрөлх хэлээ тааруухан сурах нь бий. Тэгэхээр энэ сул талыг нөхөж чадах уу?

-Монголын боловсролын салбарт англи хэл дээр бүх хичээл нь явагддаг, олон улсын гэх мэт хувийн сургуулиуд их байна. Төлбөрийн хувьд нэлээн өндөр талдаа болохоор дундаж амьдралтай хүмүүсийн хувьд хүүхдээ тийм сургуульд явуулах боломж тэр бүр байдаггүй.

Тийм байдлаар сурах нь нэг талаараа англи хэлийг унаган юм шиг сурахад бүх талаараа дэмжлэг болох боловч тухайн хүүхдүүд эх орондоо үлдэх,  их дээд сургуульд орох, монгол хэл дээр суурилсан шалгалтууд өгөх гэх мэт асуудлууд хүндрэлтэй болох талтай.

Тухайн сургуульд нь Монгол хэлний хичээл долоо хоногтоо 1-2 удаа ч юм уу маш бага цагаар ордог нь  хүүхэд Монгол хэл, соёлоо авч үлдэх гэдэг асуудал дээр дутагдалтай болох боловуу.

Харин Монгол сургуульдаа явж байгаа хүүхдүүдийн хувьд англи хэлний мэдлэгээр хоцрогдоод байдаг. Ерөнхий боловсролын монгол сургуулиудын хувьд ихэвчлэн англи хэлийг 4-5 дугаар ангиас эхлүүлэн орж байна.

Энэ нь хүүхдүүдийн хувьд 12-оос дээш насанд нь орж таардаг. Түүнчлэн 13-14 насандаа хүүхэд ер нь шинэ мэдлэгийг олж авахдаа тааруухан болчихсон байдаг гэсэн судалгаа бий. Гадаад хэл сурна гэдэг өөрөө шинэ мэдлэг, шинэ зүйл руу тэмүүлж байгаа хэлбэр.

Тэгэхээр ийм нөхцөлд сурахад нэлээн удаашралтай, унаган байдлаар сурч чаддаггүй. Ангийнхныхаа өмнө буруу ярьчих вий, буруу дуудчих вий гэсэн айдастай болж эхэлдэг. Тийм учраас энэ нь гадаад хэл сурахад маш тохиромжгүй үе юм. Ер нь бол хүүхдүүд аль болох нэг, хоёрдугаар ангиасаа эхэлж үзээд, хэл сурах сууриа тавиад, хүнд хэлбэрээр биш хөнгөн хэлбэрээр хичээллэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл дуртай тоглоомоо тоглож, дуртай дуугаа дуулж, кино үзэж, хөгжилтэй байдлаар хийж үзэхийг хүссэн зүйл дээрээ тулгуурлаад явчихвал тэр хүүхэд цаашдаа бие даан суралцах сэдэлтэй болчихсон байна. Хэрэв ийм болчихвол тухайн хүүхэд цаашдаа зорилго тавиад, ахлах ангид орохдоо англи хэлийг цаашид юунд, ямар зорилгоор ашиглах вэ гэдгээ тодорхойлж чадна.

 

 -Энэ насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулсан гэж дээр хэлсэн. Хөтөлбөрийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Бага насны хүүхдийг сургах гэдэг бол маш олон талын бэлтгэл шаарддаг л даа. Наад зах нь анги танхимыг орчин бүрдэлтээс эхлүүлээд тухайн хүүхдийг сонирхлыг нь татахуйц байлгах шаардлагатай байдаг.

Хичээлийн хөтөлбөрийн хувьд хүүхдийг хэтэрхий залхаасан, дүрэм онол дээр суурилсан, өгүүлбэрийг бүтэц бүрэлдэхүүн заах нь боломжгүй зүйл. Тийм болохоор тухайн хүүхдэд илүү танин мэдүүлэх талаас нь анхаарч, шинэлэг зүйлийг зааж өгөх, сонирхдог зүйл, тоглоом, хүүхэлдэйн кинон дээр нь суурилан, харилцаан дээр илүү тулгуурлаж хичээлээ заах нь зүйтэй. Яалт ч үгүй анзаарагддаг л даа.

Хүүхдүүд хичээлийн явцад өөрийн эрхгүй сонирхоод, тухайн орчинд ороод бие биетэйгээ англиар ярихыг хүсэж эхэлдэг. Заримдаа дөнгөж суралцаж эхэлж байгаа хүүхдүүд бие биетэйгээ ямар хэл нь мэдэгдэхгүй хэлээр ярьж эхэлдэг. Яримаар санагддаг юм шиг байгаа юм. Заримдаа буруу, зөрүү хэлснээ ч мэдэхгүй хоорондоо мэддэг үгнүүдээ ашиглаад ярьж өгдөг. Үүнээс харж байхад бага насандаа хэл сурах сонирхол маш их байдаг нь мэдрэгддэг.

-Хүүхдүүдийн ачаалал даах чадварын хувьд ямар байдаг вэ?

-Англи хэл нь хичээлийн нэг төрөл гэж ойлгогддог боловч нөгөө талаасаа заах арга барил, хөтөлбөрийн хувьд илүү сонирхолтой байж чадсанаар хүүхдэд ачаалал гэхээсээ илүү нэг төрлийн сонирхол нь болдог. Тийм учраас хүүхдүүд ядрах, хичээлд явмааргүй байна, даалгавраа хиймээргүй байна гэдэг байдлаар ханддаггүй.

 

-Англи хэл сурч байгаа хүмүүсийн сурах арга барил нь хүн бүрт өөр байдаг уу, эсвэл насныхаа ялгаагаар өөр байдаг уу?

-Ер нь бол нас гэдэг хүний гадны хэл сурахад нөлөөлөх нэг л хүчин зүйл гэж үздэг. Наснаас гадна тухайн хүний тархины хөгжил, олон төрлийн сэтгэлгээний онцлог, сурах арга барил гэх мэт зүйлээс шалтгаална.

Жишээ нь сонсголоороо сурдаг, висуал буюу харж уншиж байж илүү тогтоодог, кинестетик буюу илүү биеийн хөдөлгөөн оролцоон дээр суурилан суралцдаг гэх зэрэг хүн хүн өөрийн гэсэн онцлогтой байдаг.

Дуу сонсох, кино үзэх, амьд харилцаан дээр сурдаг хүмүүс байхад  логик сэтгэлгээтэй, математик сэтгэлгээтэй суралцагч нар илүүтэйгээр өгүүлбэрийн бүтэц талаас нь судлахыг эрмэлздэг. Тиймээс хүн бүрийн сэтгэхүйн онцлогоос шалтгаалаад заах арга барил, хичээлийн хөтөлбөрөө тохируулан боловсруулах нь чухал.

Бага наснаасаа эхлээд сурвал хурдан, унаган юм шиг сурах нь илүү боловч нас биед хүрсэн хүмүүсийн хувьд сонсголоороо суралцдаг, баригдмал бус, нүүрэмгий талын зантай бол яриагаа хурдан хугацаанд сайжруулж чаддаг.

Гэтэл хэтэрхий баруун тархины хөгжил өндөртэй, анализ дүгнэлт их хийдэг, дотроо биеэ барьдаг хүмүүс ярианы чадвар хөгжих нь удаан байдаг. Тэгэхээр тэдний хувьд яаж англи хэлээр ярьж сурах вэ гэвэл илүү өөрийгөө задалж, ичиж зовохгүйгээр суралцах хэрэгтэй.

Нэг ийм үг байдаг даа “Watched bowl never boils” буюу Хараад зогсож байхад савтай зүйл хэзээ ч дэвэрдэггүй гэж. Бид цай буцалгахдаа хараад зогсож байвал түүнийг дэвэргэхгүй. Харахгүй байгаа үед л дэвэрчихдэг. Яг түүнтэй адилхан өөрөө өөрийгөө бариад, алдаагаа бодоод явах юм бол тэр хүн хэзээ ч илүү сайн сурч чадахгүй. Харин алдсан ч хамаагүй, үүнийг хэрэглэх ёстой гэдэг байдлаар, өөртөө баригдахгүй сурвал их сайн.

-Тэгвэл Англи хэлний ямар төрлийн сургалт тохиромжтойгоо хэрхэн мэдэх вэ?

Монголын нөхцөлд Англи хэлээр ярих орчин байдаггүй. Гараад шууд сурсан зүйлээ хэрэглээд явах боломжгүй учраас 100 хувь яриан дээр суурилсан сургалт нь үр дүн багатай байх нь элбэг. Тийм учраас гадаад хэлийг заах арга барил нь дүрэм дээр суурилж ярих, сонсох, унших, бичих гэсэн дөрвөн ур чадварыг хөгжүүлэх дээр үндэслэвэл зүгээр. Тэгвэл тухайн хүн мэдлэгээ арай илүү удаан хадгална.

Бидний дунд буруу ойлголт байдаг. 14 хоногийн дотор яриулж сургана гэдэг. Хүмүүс ярьж сурмаар байна гээд хандаад ирдэг. Ярьж сурахын тулд эхлээд өгүүлбэрийн бүтэц болон тухайн хэлний суурь дүрэм, бүтэц бүрэлдэхүүнийг нь ойлгох хэрэгтэй. Ингэвэл ахиж марталгүй эзэмшиж чадна.

 

-Хүүхдүүд багаасаа англи хэл сурах ёстой гэдгийг ухаарахгүй байх. Тийм болохоор эцэг эхчүүд үүнд нөлөөлж, үүрэг гүйцэтгэх ёстой юу?

-Одоо үед хүүхдийн янз бүрийн тоглоом, хүүхэлдэйн кино, сошиал орчны мэдээлэл англи хэл дээр ихэвчлэн гардаг болохоор зарим хүүхдүүд өөрсдөө энэ хэлийг сурмаар байна гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон байна.

Гадаа гараад тоглохдоо хүртэл нэг найз нь англиар ярьдаг учраас англи хэл суръя гэж ээжийгээ дагуулж ирсэн хүүхэд хүртэл манайд хандаж ирсэн. Тэгэхээр нийгэмд англи хэлний хэрэгцээ гараад байгаа учраас хүүхэд хүртэл тэр хэрэгцээг мэдэрч байна гэж ойлгож байна.

Мөн тэр хэрэгцээг мэдэрсэн эцэг эхчүүд байна. Ихэвчлэн 25-35 насны эцэг эхчүүд өөрсдөө энэ хэрэгцээг мэдэрсэн учраас их дагуулж ирдэг.

-Унших, сонсох, бичих, ярих дөрвөн чадварыг 7 наснаас эхэлж байгаа хүүхдүүдэд тэгш эзэмшүүлэх үү. Эсвэл тодорхой дарааллаар явах уу?

-Хүүхдийн хувьд анх яаж хэлд ордог билээ, тэр зарчмаар явна. Дөнгөж хэлд орохоос өмнө байнга л сонсох процесс явагддаг. Дараа нь аав аа, ээж ээ гээд ярьж эхэлдэг. Тэрний дараагаас хүүхэд уншдаг, бичдэг. Үүнтэй яг ижилхэн хүүхдэд тийм арга барилаар сургалтаа явуулах нь илүү үр дүнтэй байдаг.

Өөрөөр нь сонссон зүйлийг нь давтаж хэлүүлж, дуурайлгах, багш нь олон дахин давтаж хэлэх арга барилаар сургалт явагддаг. Мөн 7 настай хүүхдүүд монгол үсгээ үзчихсэн, уншаад эхэлчихсэн байдаг учраас англи хэл дээр уншиж сурахад хялбар болдог. Үзэг бариад бичихэд хүртэл гар нь эвлэрчихсэн тул амархан сурна. Ер нь 7 нас гэдэг бол англи хэл сурч эхлэхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа.

-Энэ насан дээрээ англи хэл сурч эхэлсэн хүүхдүүд цаашид сургуулиа төгсөөд гадны том сургуулиудад суралцах хүсэл эрмэлзэл, урам зоригтой болох болов уу?

-Яалт ч үгүй тухайн орны хэлийг сурахаар соёлыг нь хамт сурч эзэмшээд явдаг л даа. Ер нь англи хэлийг сураад ирэхээр тухайн хэл дээр гарч байгаа мэдээ, мэдээллийг олж унших, тухайн хэлэн дээр гарч байгаа ном, зохиолыг уншдаг болно гэсэн үг.

Зөвхөн Монгол хэл дээрх номоор хязгаардлагдаж, монгол орчинд сэтгэх биш англи хэл дээр уншиж, англи хэл дээр үзэж харж, харилцах нь  сэтгэлгээний цаг хүрээг нь улам нэмэгдүүлнэ. Тэр оронд очиж сурах хүсэл, илүү ихийг мэдэх тэмүүлэл бий болж, тухайн хэлээ ашиглаж дэлхийн боловсролыг олж авахыг хүсэх нь гарцаагүй юм.

 

-Хүүхдүүдийн хэл сурах онцлог нь биеэ барихгүй, айж ичихгүй байх зэрэг юм байна. Тэгвэл нас биед хүрсэн хүмүүсийн хувьд юу байдаг вэ?

-Мотиваци. Тухайн хүнд ямар нэгэн мотиваци байх хэрэгтэй. Нөгөө талаас сэдэл болж өгөх зүйл бол яалт ч гүй зорилго. Жишээ нь ажил дээр нь англи хэлний шаардлага гарах, гадагшаа сурах, боломж бололцоо, карьераа өсгөх гэх мэт.

Энэ мотиваци байж тухайн хүн шаргуу хөдөлмөрлөж сурдаг. Ямар нэгэн зорилгогүйгээр эхлэх юм бол сурах процесс удааширдаг, дундаас нь хаядаг, орхидог. Мэдээд байгаа юм шиг мөртөө мэдэхгүй яваад байна гэх хүмүүс байдаг.

Тэр хүмүүсийн хувьд өөртөө зорилго тавиагүй, үр дүнг нь бүрэн дүүрэн ухамсарлаагүй байдаг юм болов уу. Зорилго тавиад тууштай явбал үр дүн илүү бий. Ерөнхий англи хэлний мэдлэгийг хүн 1-2 жилийн хугацаанд олж авдаг.

Харин академик англи хэлний хувьд үгсийн сандаа дор хаяж 10 мянган академик үгтэй, 5-6 жил тасралтгүй үзэж судалж байж сурдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс хүмүүс хурдан хугацаанд суръя гэснийг буруу гэж үздэг.

Стандарт сургалтын нэг түвшин нь дор хаяж 90-120 цагт багтахаар, номнууд нь хүртэл тийм байдлаар боловсруулагдсан байдаг. Тийм байхад бага цагтай сургалт авч, богино хугацаанд хурдан сурах сонголтыг хийх нь өөрийгөө хуурч байгаагаас ялгаагүй.

-Англи хэлийг сурснаар дэлхийн боловсролыг эзэмшинэ гэлээ. Ингэснээр хүнд ямар давуу тал, ач холбогдолтой вэ?

-Миний хувьд англи хэлийг зүгээр нэг хэрэглээ гэж ойлгодоггүй. Англи хэлний боловсролын салбарт олон жил ажиллаж, Англи хэл суралцагчдын халуун тогоонд байсны хувьд энэ хэлийг дэлхийн боловсролын үндэс суурь гэж ойлгодог.

Учир нь өнөөдөр англи хэл дэлхийн хэл болж, хүн бүр ажил хэргээ явуулж, эрдэм шинжилгээний ажлын 80 гаруй хувь нь Англи хэл дээр нийтлэгдэн гарч байна. Цаг үеэсээ хоцролгүй, дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болоход зайлшгүй ач холбогдолтой юм.

 
 

Q Education Group”-ээс хэрэгжүүлэх хүүхдийн боловсролын талаарх дараагийн алхмууд юу байх вэ?

Бидэнд хүүхдийн олон талт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нэг том зорилго байдаг л даа. Түүндээ бүрэн дүүрэн хүрэхийн тулд урагшилсаар л байна. Хүүхэд бүхэн өөр учир сэтгэхүйн онцлогт нь тохирсон Англи хэл+Лего, Англи хэл+Science, Англи хэл+ EQ,Англи хэл+АR уншлагын хөтөлбөр гэх зэрэг олон улсад амжилттай хэрэгждэг хөтөлбөрүүдийг сонголттойгоор хүүхдүүддээ санал болгодог. Мөн эдгээрийгээ үр дүнд хүргэж хэрхэн 21-р зууны хүүхдүүдэд хүргэж заах вэ? гэдэг дээр үргэлж л шинэчлэл иноваци хийн ажилласаарс байна. Шинжлэх ухааны хичээлийг жишээ нь хэрхэн сонирхолтой зааж байгаагаас хамаараад хүүхэд шинжлэх ухаанд дурлан цаашид суралцах үгүйг шийдэж байна шүү дээ. Сурахад дурлуулж чадахгүй бол үнэ цэнэгүйдсээр л байна.

Дэлхийн хөгжингүй улс орнууд 2030 онд анги танхим ямар байх, юу заахыг, хүүхдүүд яаж хүлээж авахыг судлан тогтоогоод, реформ хийн төлөвлөгөө гаргаад бэлтгэл ажилруугаа орчихсон байна. Гэтэл бид 2030 онд ямар сургалтын арга барил ноёлох талаар бодоогүй явж байж болохгүй шүү дээ.

Боловсрол, чадвар ирээдүйг тодорхойлдог учир үүнд ийнхүү алсын хараагаар хандах нь мэдээж боловсролын салбарын онцлог байх ёстой шүү дээ. Ийм чухал сэдвээр бидэнтэй ярилцаж уншигчдад маань тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Та бүхэнд ч мөн баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.