Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ: Биднийг ХЭН төлөөлдөг вэ?

ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
“ИЛ МЭДЭЭЛЛИЙН ДАЛД УЯЛДАА” дата сэтгүүл зүйн анхны цугларалтаар дата сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг шалгаруулалтад орсон дөрвөн бүтээлийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа "МонДата" багийн "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: БИДНИЙГ ХЭН ТӨЛӨӨЛДӨГ ВЭ?" бүтээлийг хүргэж байна. 

-Эрэн сурвалжилгын эхлэл-

 

Монгол Улс төлөөллийн ардчилалтай. Дөрвөн жил тутам УИХ-ын гишүүдээс гадна аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хуралд нийт 8,000 гаруй хүнийг төлөөлөгчөөр сонгодог.  Нийслэл хотын иргэд гэхэд УИХ-ын гишүүн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч гээд гурвын гурван төлөөлөлтэй. Бас хорооны Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг нэмбэл дөрөв болно.

Харамсалтай нь тэд УИХ-ын гишүүдийн сүүдэрт оршдог. Бид ч тоодоггүй. Өнөөдөр ямар ч иргэнийг гудамжинд зогсоогоод “Та хотын, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө мэдэх үү?”  гэсэн асуултаар аравны есийг нь баталгаатай унагаж болно. Ингээд сонгуулсан иргэддээ мэдэгдэхгүй, танигдахгүй, бас хариуцлага хүлээхгүй явсаар нэг мэдэхэд дөрвөн жил өнгөрч солигддог. Саяхан нэгэн судлаач эрхэм дүүрэг, сумын хурлаас эхлээд татан буулгая, болъё гэсэн санал дэвшүүлээд түүнийгээ нэлээд үндэслэлтэйгээр тайлбарлаж байсан.
 
Бодит байдал дээр Иргэдийн хурлын төлөөлөгчид бол маш их эрх мэдэлтэй. Орон нутгийн төсвөөс гадна жил тутмын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталдаг бөгөөд зөвхөн энэ төлөвлөгөөний дагуу Засаг дарга газар олгодог. Ийм мэдэл УИХ-д ч байхгүй.

Одоо тэднийг сүүдрээс гаргаж "гэрэл тусгах" цаг болсон.

Юуны өмнө Улаанбаатар хотын ИТХ-ыг. Хоёр оны зааг дээр Төрийн ордон доторх жишээгээр Сүхбаатарын талбайн баруун талд дажин болох шахсан билээ. Бидний сонгосон төлөөлөгч биш, тэдний дэвшүүлсэн нам нь илүү эрх мэдэлтэй болж таарсан. Биднээс яагаад асуусангүй вэ?  

 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ил тод, нээлттэй болгох эхний алхамд зориулж зарим баримт мэдээллийг олж цуглуулснаа толилуулж байна. Ингэхдээ зарим зүйлийг УИХ-д нийслэлээс сонгогдсон 28 гишүүдтэй харьцуулж үзье.   

 

  • Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 (75,5%) нь Ардын нам, 11 (24,4%) нь Ардчилсан намаас сонгогджээ. Урьд жилүүдэд гурав дахь хүчнээс болон бие даагч ганц нэг хүн сонгогддог байсан бол энэ удаагийн хуралд байхгүй. Хэрвээ 2016 онд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг биш, өмнөх жилүүдийнх шиг намар явуулсан бол өөр дүн гарах байсан гэж зарим судлаач дүгнэсэн байдаг. 
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь өнөөдөр 62 настай, хамгийн залуу нь 34 настай буюу 1985 онд төрсөн П.Батцогт юм. Тэдний дундаж нас 45 байна. Харьцуулахад, нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдийн дундаж нас 52 байна. Мөн хамгийн ахмад нь 64 настай, залуу нь 28 настай Н.Учрал байна.
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хүйсийн харьцаа өнөөдөр нийтлэг байна.
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн төрсөн газрыг сонирхвол хот, хөдөө бараг тэнцүү буюу 23-нь Улаанбаатарт, 22 нь хөдөө аймагт мэндэлжээ. Тэгвэл нийслэлд сонгогдсон УИХ-ын гишүүдийн 16 нь нийслэлд, 12 нь хөдөө орон нутагт төрсөн байна.  
  • Боловсрол, мэргэжлийг нь авч үзвэл, тэдний нэлээд нь намтартаа бакалавр, магистрын зэрэг авсан сургуулийг нарийвчлан зааглаагүй, нийлүүлж бичсэн зэрэг шалтгаанаар дүгнэлт хийх боломжгүй байлаа. Гэхдээ докторын зэрэг хамгаалсан хоёр хүн, тэгэхдээ хоёулаа эмэгтэй буюу Ц.Байгальмаа (МАН), П.Батчимэг (АН) нар юм. 
  • Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас 2017 оноос эхлэн цахим сайтад байршуулдаг болсон. Түүнийг судалж үзэхэд нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн өөрийн болоод гэр бүлийн орлогын нийлбэрийн дундаж жилийн 164.9 сая төгрөг байна. Тэгвэл мөн Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон 28 гишүүнийх 826.8 сая төгрөг буюу тав дахин илүү ажээ.
  • Гадаадад хамгийн олон жил суралцсан Төлөөлөгч нь одоогийн Засаг дарга С.Амарсайхан юм. Тэрбээр 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн гэж намтартаа бичсэн. Харин аль нь бакалавр, магистрын сургалт болох нь тодорхойгүй байна. Мөн тэрбээр 37 тэрбум төгрөгийн дүрмийн сантай компанийн хувьцаа эзэмшдэг. 
  • Хамгийн олон буюу 26 компанийн хувьцаа эзэмшдэг төлөөлөгч бол Б.Түвшин юм. 
  • Зарим хүмүүсийн намтар олон жилийн “цоорхой” байгаа нь зах зээлийн жилүүдэд янз бүрийн шалтгаанаар гадаадад ажиллаж, амьдарч байсантай холбоотой байж болох юм.
  • Хэд хэдэн төлөөлөгч УИХ-ын гишүүн болон Сайдын зөвлөх, туслахаар ажиллаж байсан гэх боловч чухам хэн гишүүн, сайдын гэдгийг мэдэх боломжгүй бай

 Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн талаарх мэдээллийг https://khural.wordpress.com/ цахим сайтад үргэлжлүүлэн нийтлэх болно. 

Жишээлбэл, 
  • Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгогдсон тойрог ба оршин суугаа газар
  • Одоо эрхэлж байгаа ажил албан тушаал
  • Одоо эрхэлж байгаа үндсэн ажил, албан тушаал (нэлээд төлөөлөгч энэ талаараа намтартаа бичээгүй байна)
  • Төлөөлөгчид нийслэлийн харьяа байгууллага, нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой компани, хуулийн этгээдийн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлд томилогдсон байдал гэх мэт.