• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...

АНУ-ыг агаарын довтолгооноос хамгаалах “Golden Dome” системийн төлөвлөгөөг Трамп танилцууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ыг агаарын довтолгооноос бүрэн хамгаалах “Golden Dome” (Алтан Бөмбөлөг) системийг байгуулахаар болсноо ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.

Уг төлөвлөгөө нь түүний бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө ашиглалтад орох гэнэ.

Тангараг өргөснийхөө дараахан Трамп баллистик, далавчит пуужингууд болон АНУ-д заналхийлж буй “дараа үеийн” бусад агаарын зэвсгийн аюулаас хамгаалах шинэ системийн төлөвлөгөө боловсруулж танилцуулах даалгаврыг холбогдох албаныханд өгч байв.

Шинэ төсөлд эхний ээлжид төсвөөс $25 тэрбумыг зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан ч цаашдаа үүнээс хавьгүй их зардал гарах төлөвтэй байна.

Одоо ашиглагдаж буй хамгаалалтын систем нь хоцрогдож, шинэ үеийн зарим зэвсгийг зогсоох боломжгүй болсон гэж Трамп үзэж байгаа.

Төслийг удирдах хүнээр АНУ-ын Сансрын Зэвсэгт Хүчний генерал Майкл Гутлэйн томилогджээ.

Шинэ систем нь хуурай газар, далай тэнгис, агаар, сансрын дараа үеийн мэдрэгчүүд, таслан зогсоох зэвсгүүдээс бүрдэхийг Цагаан ордны Зууван танхимд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп тайлбарласан юм.

Мөн энэ системийн хамрах хүрээнд багтах сонирхлоо Канад улс илэрхийлснийг тэр бас мэдэгджээ.

Трампын тайлбарласнаар шинэ систем нь “дэлхийн нөгөө талаас, бүр сансраас харвасан зэвсгийг амдан устгах” чадвартай байх гэнэ.

Шинэ системийн загварыг боловсруулахдаа Израиль улсын 2011 оноос хойш ашиглаж буй “Iron Dome” ( Төмөр Бөмбөлөг) системээс санаа авсан бололтой.

Гэхдээ АНУ-ын систем нь сансраас харвасан зэвсгийг болон дуунаас хурдан зэвсгийг эсэргүүцэх чадвартайгаараа онцлог давуу талтай байх гэнэ.

Шинэ системийг нэвтрүүлэх зардал нийтдээ $175 тэрбумд хүрэх тооцоотой байгааг Трамп өчигдөр мэдээлжээ.

Харин Конгрессын төсвийн байнгын хороо ирэх 20 жилийн хугацаанд зөвхөн сансарт суурилагдах хэсэгт нь $542 тэрбум зарцуулах магадлалтайг тооцоолсон байна.

“Одоогоор бидэнд ийм систем огт байхгүй байна. Бидэнд пуужингийн тодорхой хэсэг, пуужингаас хамгаалах системийн тодорхой хэсгүүд байгаа. Гэхдээ ийм нэгдсэн систем байхгүй” гэж Трамп тайлбарлажээ.

Саяхан Пентагоноос гаргасан тагнуулын тайланд Хятад, Орос улсууд АНУ-ын хамгаалалтын системийн цоорхойг ашиглах зэвсгийг зохион бүтээх ажилд нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа талаар дурдсан байв.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа