Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Киргиз болон Тажикистан улсад албан ёсоор айлчиллаа.
Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцааны түвшин "Иж бүрэн түншлэл"-д хүрсэн билээ.
Ингэснээр Киргиз улстай урт хугацаанд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг судлаачид онцолж байв.
Өнгөрсөн оны байдлаар Монгол улсад 72 киргиз иргэн, Киргиз улсад 130 монгол иргэн оршин сууж байгаа талаарх мэдээлэл бий.
Киргиз улсын хүн амын дундаж цалин нь 415 ам.доллар.
Эдийн засгийн зонхилох салбар нь хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч, нэхмэл, хүнсний үйлдвэрлэл болдог.
Гадаад худалдааны нийт хэмжээ 16 тэрбум ам.доллар.
Киргиз, Монголын бизнес форумын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж өргөжүүлэх нь чухал байгааг Киргиз улсын шадар сайд Байсалов Эдиль Жолдубаевич онцолсон юм.
Төрийн айлчлалын хүрээнд харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Үүнээс боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх агуулгын хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулснаа хүргэж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ "Боловсрол тэргүүлэх салбарын хувьд хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан.
Монгол Улсын Их Сургууль, Киргизийн Үндэсний Их Сургууль хооронд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах маш тодорхой санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд Киргизийн тал дэмжиж ажиллахаар болсон.
Бид монгол хэл, нүүдэлчин ахуйн чиглэлийн судалгааг түлхүү хийнэ.
Хоёрдугаарт Киргизийн талын дэмжлэгээр Монгол улсад ЕБС барих төсөл батлагдлаа. Баян-Өлгий аймагт сургууль байгуулна. Энэ ажил хурдан хугацаанд хэрэгжинэ гэж харж байгаа.
Дэлхийд эхний 800-д эрэмбэлэгддэг “Манас” сургууль 30 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаатай очиж танилцлаа.
Энэ сургуульд үнэ төлбөргүйгээр дөрвөн хэлээр сурах боломж байна. Орос, англи, турк, киргиз хэлээр хичээлээ заадаг.
Энэ сургуулийг төгссөн оюутнууд шууд ажлын байртай болдог. Мөн Европын зах зээлд гараад ажиллах ч боломжтой.
Өнөөдөр Монголоос 49 оюутан Киргиз улсын “Манас”-ын их сургуульд сурч байх жишээтэй. Түүний зэрэгцээ Монголын 10 гаруй аж ахуйн нэгж Киргизэд орж иржээ" гэлээ.
Бизнес форум эдийн засгийн харилцаа, хоёр орны төр, хувийн хэвшлийг харилцан үр өгөөжтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг уялдуулсан, бодит үр дүнд хүрэхэд чухал түлхэц болно гэж талууд үзсэн юм.
Цаашид:
Хөдөө аж ахуй, хүнс, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах,
Тээвэр логистик, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх,
Жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх,
Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, бизнес эрхлэх нөхцөлийг тогтвортой, ойлгомжтой болгох зэргээр хамтран ажиллахаар болов.