Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх төрийн айлчлал долдугаар сарын 20-ны өдөр эхэлсэн билээ.
Энэ өдөр онгоцны буудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг цэцгийн баглаатай угтаж, идээ ундааны дээд болох боорцог, зөгийн балаар дайлах нь ихэд хүндэтгэлийг илтгэнэ.
Үндэсний хувцсаа өмссөн охид бүжиглэж, морьт цэргүүд жагсаж, киргизстан ард түмний нүүдэлчин соёлыг илтгэх гэрийг (Yurt) тусгайлан барьжээ.
ВИДЕО 1: Киргизийн үндэсний "Ала-Тоо 24" телевизийн шууд дамжуулалтаас
Манай улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийсэн билээ.
Энэ талаар МУИС-ийн олон улсын харилцааны тэнхимийн багш, доктор А.Батцэцэг "Цаг хугацааны хувьд 2023 оны долдугаар сарын 11-н буюу Монгол Улсын төрийн их наадамд маш хүндтэй зочноор уригдан манай улсад төрийн айлчлал хийснээрээ онцлог.
Тухайн үед Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Монгол, Киргиз улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тунхаг бичигт гарын үсэг зурсан.
2023 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёр орны харилцаа маш идэвхтэй өргөжин тэлж байгаа" гэдгийг хэлэв.
Тэгвэл ийнхүү 2025 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчилж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров долдугаар сарын 21-нд манай улсын Ерөнхийлөгчийг “Ынтымак Ордо” төрийн ордонд албан ёсоор угтан авсан юм.
Ордны урд талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн билээ.
Угтах ёслолыг дараах видеоноос үзэх боломжтой.
ВИДЕО 2:
ВИДЕО 3:
Төрийн айлчлалын хүрээнд харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурав.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болов.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын зүгээс өгсөн онцлох яриаг хүргэж байна.
Бат бөх нөхөрлөлд суурилсан хамтын ажиллагаа маань “Иж бүрэн түншлэл” гэсэн шинэ шатанд гарч, цаашид цэцэглэн хөгжих болно.
Өндөр, дээд түвшинд тогтмол айлчлал хийх, Парламент болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс өгсөн онцлох яриаг хүргэж байна.
Энэхүү айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь онцлох үйл явдал болсныг судлаачид онцолж байна.
Өөрөөр хэлбэл хоёр улсын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрнэ гэдэг нь бүх салбарт харилцаа урт хугацаанд тогтвортой, бүх түвшинд хамтын ажиллагааг өндөр түвшинд өргөжүүлэх эрх зүйн үндэс болох ач холбогдолтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!